Н.Номтойбаяр, Ж.Амарсанаа хоёрын ГОЛ ДҮРД тоглосон КОРОНАВИРУСТЭЙ долоо хоногийн тойм
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-02-02

Дэлхий нийтээр 2020 оны айдас дунд угтаж байна. Учир нь хэнээс, юунаас үүссэн нь тодорхойгүй, хэзээ, яаж эдгэрч намжих нь ч мэдэгдэхгүй шинэ төрлийн Коронавирусийн халдвараас 180 орчим хүн нас барж, 9000 орчим хүн халдвар авч, 150 орчим хүн эмчлэгдээд байна. БНХАУ-ын Ухань хотод өнгөрсөн оны сүүлээр дэлгэрсэн энэ өвчин 2020 оны нэгдүгээр сарын дундуур хүчээ авч дэлхийн 20 орчим оронд халдвар нь тархаад байна. Үүнээс үүдэн ДЭМБ-аас “ОНЦ БАЙДАЛ” зарлаад байна.

Дайны хажуугаар дажин гэгчээр дэлхий нийтээр энэ өвчний эсрэг тэмцэж байхад манай улсын улстөрд ч бас нэлээд халуухан үйл явдал болоод өнгөрөв. 65 гишүүнтэй МАН-ынхан 63-лаа болж хоёр залуу гишүүнээ амбаардаад явуулчихлаа. Учир юу гэвээс УЕП Б.Жаргалсайханаас ирүүлсэн бичгийн дагуу УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлээд, шалгуулахаар хуулийн байгууллагад илгээлээ. УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэнээр тэрбээр нэр холбогдоод буй хэргүүдийнхээ эцсийг үзэж нэрээ цэвэрлэх боломжой боллоо.

 

Эрх баригчид тоглоомын дүрмээ баталлаа. УИХ-аар сонгуулийн тухай хуулиа баталсаны дараа эрх баригч намынхан тоглоомынхоо дүрмийг өөрсдөө зохиосон юм. Тэд сонгуулиа 76 мандтай байхаар төлөвлөж, зарим аймгуудыг нэгтгэж, зарим аймгуудад нэг нэг мандат нэмж олгов.  Тухайлбал Хотын тойргоос дөрвөн мандатыг хасна. Хот 28 мандаттай байна. Үүнийг 24 болгохоор ярьж байна. Сонгуулийн тухай хуульдаа олон мандат бүхий томсгосон тойргоор явуулна гэж заасан. Тэгэхээр нэг тойрог хоёр ба түүнээс дээш мандаттай байх зайлшгүй шаардлага бий болсон. Тиймээс хотоос дөрвөн мандатыг авч Дундоговь, Булган, Сүхбаатар, Говь-Алтай аймагт нэмж байна. Говьсүмбэр аймгийг Дундговь аймагтай нэгтгэнэ.Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийг тус бүрт нь хоёр тойрог болгосон байгаа юм.

Үндэсний аюулгүй байдлын хуралдаанаас гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газар хуралдаж Коронавирусийн тархалтаас хамгаалж Монгол улс, БНХАУ-тай хиллэдэг боомтуудыг 2020 оны гуравдугаар сарын 02-ний өдрийг хүртэл түр хугацаагаар хаахаар шийдвэрлэв. Мөн түүнчлэн Улсын онцгой комиссийн хуралдаанаар уламжлалт сар шинийн баярын бөхийн барилдааныг зохион байгуулахыг хориглож, төрийн ёслолын золголтыг цуцаллаа. Ингэснээр монголчууд гэр бүлийнхээ хүрээн сар шинийн баярыг цомхон тэмдэглэхээр боллоо. Төрийн болон төрийн бус, хувийн өмчийн бүх төрлийн их дээд болон ЕБС, цэцэрлэг, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг зогсоож сурагчдад хөл хорио тогтоолоо.

УИХ-ын намрын чуулганы хуралдаан хаалтаа хийлээ. Улсын Их Хурал бүхий л үзүүлэлтээрээ түүхэн гэж хэлж болохоор шахуу хуваарьтай, өндөр ачаалалтай ажиллалаа. Үнэн хэрэг дээрээ өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш 11 сар завсарлагагүй ажиллаж, тасралтгүй хуралдсан байна. Монгол Улсын парламентын 28 жилийн түүхэнд намар-хавар-намрын 3 чуулган үргэлжилж хуралдсан тохиолдол байгаагүй юм байна. Энэ намрын чуулган 86 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 32 удаа, Байнгын болон дэд, түр  хороод давхардсан тоогоор 119 удаа хуралдаж, нийт 154 хууль, Улсын Их Хурлын 51 тогтоол хэлэлцэн баталлаа. Холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг 19, нийтийн сонсгол 3 удаа зохион байгуулсан байна.

Хятад улсад гарсан титэмт вирусийн эсрэг хамгаалалтаас үүдэс эмийн сангуудад амны хаалт, гар ариутгагч бодисууд хомсдов. Естой л нөгөө зуднаар нохой зоолно гэгчээр тэд бүгд хоёр хоногийн дотор цөм хийв. Маскний хомсдол орсон эх орныхоо тухай мэдээг сонссон Солонгос дахь монголчууд 10 мянган маск илгээсэн ч гаалийн татвар нэхээд хэвтчихэв. Цаашдаа маск, эм тариа нөөцлөхийг Эрүүл мэндийн сайд сайн ойлгож авав. Улстөрийн албан тушаалд жил хагас суусан нэгэн эмч залуу бусдыгаа уриалан Хятад улсруу явж, Коронавирусийг устгачихаад ирье гээд “чичрэв” Зовж зүдэрсэн ард түмэнд тусалъя гэсэн хүний сайхан сэтгэл гаргасан түүнийг зарим сайдууд ад үзэж “дэлхий нийт айж байгаа өвчнөөр шоу хийлээ” хэмээн даапаалав.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.20.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.