Сүүн заяатай хүн
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-02-07

Холын аянд мордоход дөрөөнд минь сүү дусаасан ээжийн ерөөл хорвоод амьдрах их замын бартаа бүхнийг арилгадаг санагддаг. Энэ гэгээн заяаны үрээр бид зөв амьдралын их хувь зохиолыг хүртдэг байх. Тэгвэл бүхий л амьдралаа сүүтэй холбож сүүн замаар  зон олноо угтаж, үдэн өнөөг хүрч яваа нэгэн сайхан хүмүүний тухай би эргэцүүлэн сууна. Энэ хүн бол Магсарын Лхамхүү гуай.  Айл бүрийн өглөө чанасан цайны сүүн дээжинд энэ л сайхан хүний сэтгэл шингэсэн санагддаг. Монгол хүмүүн “Цагаан заяатай яваа” гэж ярьдаг. Тэгвэл тийм л цагаан заяатай яваа хүн бол М.Лхамхүү. Тэрбээр сүүний үйлдвэрт 42 жил ажиллажээ. Энэ л сайхан хүмүүн өглөө бүрийн нарыг сүүтэй угтаж үдэш бүрийн гэгээг сүүтэй угтдаг. 1958 онд анх нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор ЗХУ-ын мэргэжлийн байгууллагын боловсруулсан зураг төслийн дагуу, хоногт 30 тн сүү боловсруулах хүчин чадалтайгаар анх байгуулагдаж байсан. Эдүгээ хоногт 200тн сүү боловсруулах хүчин чадалтайгаар 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Монгол улсын Ууган үйлдвэр Сүү ХК -ны   хамт олны тулгуур юм.  М.Лхамхүү гуай.   1975 онд  Сүүний үйлдвэрийн өндөр босгоор анх орж байсан. Гэрэлт залуу нас, хийж бүтээх их хүсэл мөрөөдлөөрөө  он цагийн шуургыг сөрж ажил амьдралаа нэг л хамт олны дунд өнгөрөөж залуу үеийг халамжлан хүмүүжүүлэн идэвхи санаачлагатай ажиллаж ирсэн. Ажиллах хугацаандаа аппаратын цехийн аппратчин, тарагны цехийн савлагч, ээлжийн ахлагч гээд л олны ярьдагаар ажлын амтыг доороос нь эхэлж мэдэрч ирсэн нэгэн билээ. Энэ сайхан хүний үр хүүхэд ач зээдээ өгсөн хайр ивээл өнөөгийн нийслэлийн их хөгжлийн бас нэгэн гүүр юм. М.Лхамхүү гуай сайн ээж, сайхан ханиас гадна хийж бүтээж буй ажил үйлсээрээ үр хүүхдэдээ үлгэр болж чаддаг ачтан. Өдөр бүр өсөн нэмэгдэж буй хүн амын эрэлт хэрэгцээг хангахын тулд үйлдвэртээ дэлхийн стандартад нийцсэн техник технологийг байнга нэвтрүүлж, бүрэн автомат орчин үеийн үйлдвэрийг цогцлоож ажиллах их хүч М.Лхамхүү гуайн ажиллаж байсан цаг үед таарч байсан. Зарим тохиолдолд ар гэр, хүүхдээ ч анзаарах сөхөөгүй ажиллаж, түүнийхээ үр шимийг ч олонтоо үзсэн. Цэцэг ургуулсан хүн цэцэгээ дэлбээг нь нээхэд баярладаг. Тэгвэл аливаа ажил эхлүүлсэн  хүн түүнийхээ үр дүнг нь харах ямархан сайхан билээ. М.Лхамхүү гуай нэгэнтээ “Бүтээмж арвинтай  ажил хүнд инээмсэглэл, аз жаргалыг авчирдаг.” Гэж хэлсэн байдаг. “Малчны хотноос таны гэрт” энэ л уриан доор сүүн замаар алхаж яваа энэ сайхан хүнийг төр мартаагүй. 1980 он буюу бидний ярьдагаар ажлын үнэ цэнийг дүгнэсэн шиг дүгнэдэг, ажлын гүйцэтгэлийг шалгасан шиг шалгадаг үед “Тэргүүний ажилчин залуу алтан медаль”-иар энгэрээ мялааж байсан бол  Ардын хувьсгалын 60 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн алдар мөнгөн медаль, Үйлдвэрийн хөдөлмөрийн аварга, Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, Монголын үйлдвэрлэлийн хоршооны тэргүүний ажилтан, ХХААХҮЯ-ны тэргүүний ажилтан, Хүнсний аж үйлдвэрийн 80 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медалийг энгэртээ гялалзуулан зогсч байлаа. Хамт олон нь энэ сайхан буурлыг тэнгэрийн одыг энгэртээ зүүх их үйлийн эзэн гэж билэгшээдэг. Тэр хүү ерөөлт заяа нь ойрхон буй биз ээ. Монголын Сүүний үйлдвэрийг эрчимтэй хөгжсөн он жилүүдэд залуу үеэ гараас нь хөтлөж ажил амьдрал, амжилтанд хүргэж  өгсөн энэ л сайхан буурал Баянхонгор аймгийн Гурван булаг суманд төрсөн. Хонгор нутгийн торгон салхинд хөл нүцгэн гүйсэн хүүхэд насных нь цагаан дурсамж түүнд олон би. Сайхан аав, ээжийн охин амьдралын хатууд хөл алдаагүй шигээ цагаан магтаал дунд ч зангаа эвдэж явсангүй. Сэтгэлд нэг дулаахан хүн байдаг. Тэгвэл тэр л сэтгэлийн нар нь М.Лхамхүү гуай билээ. Мандаж буй  шаргал нарны өмнөөс залбиран дээжээ өргөж зогсоо ээж бүхний сэтгэлд сүү зам гэгээтэй байдаг. Энэ л цагаан сүүний буян дуудсан Сүү ХХК-тай цагаан заягаа холбосон хүн бол М.Лхамхүү гуай билээ.  

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.184.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.