-Улс төрд урваж шарвасан ч эдийн засагчаасаа урваагүй нөхөр-
Урваж шарвалаа, эргэж буцлаа. Буурьтай эдийн засагч хүн ингэж булзахын хэрэггүй гэх мэт шошго түүнийг сүүдэр шиг дагана. Улс төр ч өөрөө булзаж мэлзэхээс өөр аргагүй тоглоомын талбар учраас яах ч арга алга гэсэн цагаатгалаар түүнийг өмгөөлж болох юм. Түүнээс бус шунаад байхааргүй хүрдэг өндөрлөгтөө хүрсэн л нөхөр. Гэхдээ өмгөөлөх аргагүй зүйл бол ямар ч хүний итгэл үнэмшил үнэт зүйл гэж байдаг гэж үзвэл туйлбаргүй санагдана.
Тэрбээр өнгөрөгч 2016 оны нэгдүгээр сард Монгол Улсын сайдаар ажиллаж ахуйдаа “Засгийн газар гадаад зах зээл дээр мөнгөний эрэлд мордсон. Хэрвээ мөнгө олж чадахгүй бол таг сууна. Мөнгө олох магадлал тун бага. Миний бодоход Олон улсын валютын санд хандаж тусламжийн хөтөлбөрт орох шаардлагатай байгаа. Асуудал хариуцсан хүмүүс нь ингэж бодохгүй байгаа тул цаг алдаж байгаа байх аа” гэсэн. Үнэхээр л 2016 оны долдугаар сард Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдсан даруйд Монгол Улсын эдийн засаг Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй байдалд орсон гэж хөтөлбөрт хамрагдаж байлаа.
Монголын Улс төрд эрдэм боловсролоор гайхуулах цөөн нөхдийн тоонд зүй ёсоор багтах нэгэн бол М.Энхсайханыг хэмээдэг. Бас л улс төрийн ээдрээтэй намтрыг өөрийнхөөрөө бүтээж яваа нэгэн. Нэгэн цагийн дайсан гэж болох Н.Энхбаяртай хүртэл нэгдэж үзсэн гэхээр аргагүй л ээдрээт замаар туулж өнөөдөрт ирсэн улстөрч юм. Түүнийг улс төрийн хүрээнд ч, нийгэмд ч сайн эдийн засагч хэмээдэг. Харин дээр хэлсэнчлэн улстөрчийн хувьд урваж шарвасан, үзэл бодлоосоо няцсан гээд дурдаад байвал түүнийг харлуулах шалтгаан олон бий. Гэгээн талаас нь дурдаад байвал бас л бий. Тэгэхээр энд алагчилж үзэлгүй хар цагааныг хослуулан дэнслэх нь зүйд нийцэж таарна. Аль тэртээ 40 гаруй жилийн өмнө 1978 онд Гадаад худалдааны яаманд эдийн засагчаар ажлынхаа гарааг эхлүүлж байсан энэ залуу өнөөдөр бол нэгэн жарны босгыг эрт давчихсан, ач зээ нартаа бол өвөө, нийгэмд бол ахмад улстөрч. Яам хэмээх их айлд 10 жил ажиллаж туршлагажсан М.Энхсайхан зах зээлийн нийгэмд шилжих үед буюу 1990 онд Зах зээл судлалын хүрээлэнгийн захирал болон шинэ нийгэмд хөл тавьсан түүхтэй. Энэ цагаас л Ардын их хурлын депатутаар сонгогдон ажиллаж их улс төрд хөл тавьжээ. Ийнхүү 1992-1993 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан М.Энхсайхан 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болон анхны ерөнхийлөгч П.Очирбаттай хамтран ажилласан байна. Харин Ардчилсан нам түүхэндээ анх удаа сонгуульд ялалт байгуулсан жил буюу 1996 онд Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайдаар томилогдон ажилласан, Ардчилсан намын анхны Ерөнхий сайд гэхэд болно. Үүнээс өмнө Дашийн Бямбасүрэн, Пунцагийн Жасрай нар ажиллаж байсан бөгөөд Дашийн Бямбасүрэнг АН-ынхан өөрсөддөө наах гээд байдаг болохоос биш тэр МАХН-ын гишүүн байсаар ажлаасаа буусан гэхээр М.Энхсайхан бол яах аргагүй АН-аас төрсөн анхны Ерөнхий сайд мөн билээ. Энэ бол бас нэгэн шинэ түүх. Нөгөө талаар Ардчилсан намаас чамгүй урт хугацаанд Ерөнхий сайдаар ажилласан хүн.
Яагаад гэхээр 1996 оноос 2000 он хүртэл Ардчилсан намын дөрвөн засаг унасан түүхтэй. Хожим 2012 онд ялахад ч Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нар түүнтэй адил хэмжээнд буюу хоёр жил л ажиллаад огцорсон байдаг. М.Энхсайханы үед сөрөг хүчний тоглолтууд намын дотоод тогтворгүй байдал гээд олон хүчин зүйлс нь байнга Засгийн газрыг унагаахад чиглэгдэж элдэв дайралт байсаар байв. Хүнд цагт тэр хоёр жил гаруй тэсч чадсан Ерөнхий сайд. Түүний огцорсон шалтгаан нь Намын дарга нь Ерөнхий сайд байна гэсэн дүрмийн дагуу түүнийг огцруулсан байдаг. Энэ бол тухайн үеийн сөрөг хүчин байсан өдгөөгийн МАН, дарга Н.Энхбаярын хийсэн хор. Тодотговол, тухайн үед “МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо” эвслийн дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд байх нь зүйтэй гэж ардчилсан хүчнийхэн улс төрийн шийдвэр гаргаж М.Энхсайханы Засгийн газрыг унагаж Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар томилогдсон” хэмээн түүхэнд тэмдэглэсэн нь бий. Үнэн хэрэгтээ Н.Энхбаярын өдөөн хатгалгаар Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болох гэж нэгэн намын нөхрөө унагаасан болохоос биш тэсвэл болох л байсан цаг үе. Тиймдээ ч эрхэм хоёр Энх, Элбэг нар нэгэн нам дотор бүү хэл нэгэн улсад багтахааргүй муудалцсан. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болсноор Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал улам эвгүй болсон гэдгийг хэлдэг. М.Энхсайханы хувьд өмч хувьчлалын их ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ улсын үнэ цэнэтэй үйлдвэр объектыг танил тал тохой татан олгосон, үнэгүйдүүлсэн гэх гэмийг түүнд тохдог. Харин үнэ чөлөөлөх, эдийн засгийн реформын ажлыг эхлүүлсэн нь үр дүнгээ өгсөн гэдгийг хаа хаанаа ярьдаг. Энэ чигээрээ Ерөнхий сайдаар ажиллаад байсан бол арай өөр замаар явах байсан ч популизмаас өөр мэдэх зүйлгүй Ц.Элбэгдорж самарсан гэдгийг нуух хэрэггүй.
----Нэгэн цагийн өстөнтэйгөө нэгэн хөнжилд оров----
Дээр дурдсан бүхий л улс төрийн үйл явдал, дотоод маргаанаас үүдэн М.Энхсайхан АН-д ад үзэгдэж эхэлсэн. Энэ ажиллагааг АН-ын гаднаас Н.Энхбаяр өдөн хатгаж, Ц.Элбэгдорж удирдсан. Тухайн цагт “МҮАН-МСДН”-ын Ардчилсан холбоо”-ны тэргүүлэгч нь Ерөнхий сайдаар сонгогдоод байсан Ц.Элбэгдорж байсан учраас түүнд тал тохой татах гишүүд цөөнгүй байсан нь ийнхүү М.Энхсайханыг намаа орхин гарахад хүргэсэн нэг шалтгаан.
Гэтэл 2012 оны сонгуульд Н.Энхбаярын МАХН, М.Энхсайханы МҮАН хоёр хамтраад “Шударга ёс” эвсэл байгуулан сонгуульд ортол арваад суудал авч УИХ-д бүлэг байгуулчихлаа. Хоёр Энхийн буянаар учраа мэдэхгүй нөхөд УИХ-д орж ирсэн нь өдгөө ганц нэг нь парламентад байж л байна. Тэгэхээр эргэж буцдаг гэдэг нь үүнээс үүдэлтэй болов уу. Ингээд онц агийн цаадхи руу өнгийе. 1998 онд намын дарга Ерөнхий сайд байна гэсэн дүрмийн тогтолтоос болж Ерөнхий сайдын суудлаас буусан хүн эргээд намын даргын суудалд ноцож таарна. АН 2003 онд бут ниргүүлээд байхад дарга болов. Хашир хүн гэж алдаж үзсэн хүнийг хэлдгийн жишээг тэрбээр ингэж харуулсан. Ийнхүү УИХ-д ганцхан суудалтай АН-ын дарга хийх ажлаар бага ч намын дотоод санхүүжилт гээд тулгарч байсан бэрхшээл цөөнгүй бий. Тухайн цагт өдгөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү нарын тусламж дэмжлэг их байсныг нэгэнтээ дурдсан нь бий. Гэхдээ тэрбээр “60 тэрбум”-ын схем зураагүй. Намын хөрөнгөлөг гишүүд мөнгөө бариад ирдэг ч занганд орохыг хүсээгүй, намын санхүүжилтэд анхаарч ажиллаагүй гэсэн магтаал зэмлэл хоёрыг зэрэг хүлээдэг намын дарга байв. Улс төрийн намыг, тэр тусмаа төрийн эрх бариагүй намын санхүүжилтийг босгох хүнд л дээ. М.Энхсайхан энэ тал дээр ажилласангүй, стратеги боловсруулдаг мундаг хүн болж байж 2004 оны сонгуульд ялалт байгуулаагүй гэх ялыг түүнд үүрүүлдэг. Тэд энэ удаагийн сонгуульд олонхи болж чадсангүй. “Их эвслийн” хэмээх нэртэй завхарсан Засгийн газар байгуулсан. Харин М.Энхсайхан өөрөө УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, улмаар 2004-2006 онд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байсан. Түүнд хэдийгээр АН-ын даргаар муу ажилласан гэх хоч зүүдэг ч Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргаар чамбай сайн ажилласан гэдгийг өөрийнх нь тал байтугай өрсөлдөгч нь ам сайтай байдаг нь өнөөх л боловсролын цар хүрээг харуулсан хэрэг байх. Нэгэнт намаа ялалтад хүргэж, цэнхэр туг хатгаж чадаагүй нөхөр дүрмийн дагуу 2005 онд АН-ын даргын ажлаа өгсөн. Энэ үед “Их эвслийн” Засгийн газарт багтах гэсэн дотоод дайн АН дотор үүсч, олон ургальч бүхий “Их эвслийн” Засгийн газарт багтсан нөхөд нь бусад улс төрийн хүчний хатгалгад орж гээд АН-ын дотоод эв нэгдэл нэгэнтээ тарамдаж байв. М.Энхсайхан энэхүү үймээн дундуур намын даргын суудлаа өгсөн ч Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргаар сайн ажилласан гэх нэр нь түүнийг 2006 оны нэгдүгээр сард Шадар сайдын эрэмбэнд гарч ирэв. АН-аас энэ суудалд үнэндээ өөр дүр ч байсангүй. Энэ үедээ “Их эвслийн” Засгийн газрын үймээн шуугиан ил ч байлаа, далд ч байлаа. Арга ч үгүй хэнд ч хэрэггүй “Буян”-гийн Б.Жаргалсайхан Засгийн газрын гишүүн, сайд байсан гэхээр ойлгомжтой. Тэр үед буюу 2004 оны сонгуулиар МАХН 38, Эх Орон-Ардчилал эвсэл 34, МБНН нэг, бие даагчид гурван суудал авсан нь арга буюу “Их эвслийн” гэх Засгийн газар байгуулахдаа тулсан хэрэг шүү дээ. Ийнхүү дээр дурдсанчлан Н.Энхбаярын өдөөн хатгалга, Ц.Элбэгдоржийн гүйцэтгэлээр М.Энхсайхан АН-д байх аргагүй болсон. Н.Энхбаярын АН дотор дэгдээсэн түймэр түүнийг намаасаа гарахаас өөр аргагүй байдалд оруулсан учраас 2006 онд АН-аас гарч Үндэсний Шинэ Намыг байгуулан 2007 он хүртэл анхны даргаар ажилласан түүхтэй. Тун удалгүй “Ард түмний амлалт нэхэх холбоо”-г байгуулан удирдагчаар нь УИХ-ын гишүүн асан Г.Уянгыг томилж гээд хувийн улс төрөө хэний ч оролцоогүй хийсэн. Энэ үед 2008 оны сонгууль болж, түүхнээ хараар тэмдэглэгдэн үлдсэн “Долдугаар сарын 1”-ний үймээн ч болов. Энэ удаагийн сонгуулиар МАН нэг сая төгрөг, АН 1.5 сая төгрөг сонгогч олноо амлан сонгуульдав. Ийм л цагаар “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны ажиллагаа улам идэвхижсэн нь М.Энхсайхан хэдийгээр УИХ-д суудал авч чадаагүй ч ажиллагаагаа зогсоогоогүйг харуулсан хэрэг. Тэрбээр энэ удаагийн сонгуульд өрсөлдөөд ялагдал хүлээсэн байв. Төд удалгүй тухайн үеийн Сү.Батболд даргатай МАХН Соц-Интерний хуралд оролцож ирээд нэрэнд нь саад болж буй “хувьсгалт” гэдэг үгийг авч хаян уугуул МАН нэрээ сэргээхээр шийдвэрлэлээ. Эрх баригчдын энэхүү ажил ч тэр дороо явагдаж, голж орхисон МАХН нэрийг нь гудамжинд гараад байсан Н.Энхбаяр авахаар зүтгэв. М.Энхсайхан энэ үед буюу 2011 онд Монголын үндэсний шинэ нам нэрээ өөрчлөн Монгол Үндэсний Ардчилсан Нам болгоход дахин даргаар нь сонгогдов. Үүнтэй дөрөө харшуулан Н.Энхбаяр ч удтал хөөцөлдсөн намынхаа нэрийг авсан. Ийм л цагаар монгол төрийн өндөрлөгт заларч явсан хоёр нөхөр гудамжны улс төр хийж эхэлсэн нь тэднийг ойртуулах нэгэн шалтгаан болсон байх.
Нэгэн дээвэр дор багтахгүйдээ тулж явсан хоёр Энх ийнхүү 2012 оны сонгуульд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл байгуулан сонгуульдсан нь чамгүй амжилттай. УИХ-д бүлэг байгуулах хэмжээнд суудал авч, улмаар Засгийн газарт хүртэл хамтрав. Энэ үед эрэмбээрээ МҮАН-ын дарга М.Энхсайхан намын жагсаалтын хоёрт, Н.Энхбаярын дараа жаалж болох байсан ч тэрбээр өөртөө хэт итгэлтэйгээр тойрогт өрсөлдөөд өвдөг шороодсон юм. Өөртөө эрдсэн үү, эсвэл эвсэлдээ итгээгүй юу ямартай ч тэр жагсаалтад ороогүй. Магадгүй хэтэрхий муу санаалсных биз ээ. Ингэж л гишүүн болох боломжоо алдсан хүн. Магадгүй, түүний УИХ-д суух тоо гүйцсэн ч байж магад. Түүнээс биш 2008 онд гараад ирж болох л байсан, Л.Гүндалай ялалт байгуулаад ороод ирж байхад тэр яагаад болохгүй гэж. 2012 онд АН ялалт байгуулж байхад М.Энхсайхан тойрогт ялаад ороод ирж болох л байсан. Тойрогт ялдаггүй юм гэхэд намын жагсаалтад эрэмбээрээ орж ирж болох л байсан. Гэхдээ “Шударга ёс” эвслийн буянаар тэр гар хумхин суусангүй. Н.Алтанхуягийн Засгийн газарт "Монголын төмөр зам" ТӨК-ийн захирлаар томилогдсон. Гэсэн хэдий ч хэдхэн сар ажиллаад, УИХ-аар баталсан бодлогын хүрээнд ажиллаагүй гэсэн шалтгааны улмаас халагдсан. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн бодлого, УИХ-ын дарга З.Энхболдын явуулж буй зарчимтай тэр нийлж ажиллахгүй нь ойлгомжтой. Физикч, электроникийн инженер хоёр Монгол Улсад толгой цохих эдийн засагчийн барьж буй бодлогыг яаж ойлгох вэ гэдгээс хамаг асуудал эхэлж таарна. Тэгээд ч физикч, электроникийн инженер хоёр улс төрийн шоу хийхээс хэтрэх биш. Физикч Н.Алтанхуягт Засгийн газраа унагаачихгүй дараагийн сонгууль хүргэх чин эрмэлзлэлээс өөр юу ч байсангүй. Элетроникийн инженер З.Энхболдод УИХ-ын дарга хэдий ч албан тушаалд дахин донтохоос өөр бас л юу ч байсангүй. Тиймээс ажиллаж буй Засгийн газрын үйл ажиллагаа, гол нь УИХ-ын бодлогыг барьж ажиллаагүй гэдэг шалтгаанаар хусагдсан ч Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Монгол Улсын сайд хэмээх эрхэм албанд очсон. Түүний мэдлэг боловсрол ажлын дадлага туршлагыг түшиж, зүгээр нэг билгэ тэмдгийн сайд байлгасангүй. Ч.Сайханбилэгийн Засгийн газар түүнд Тавантолгойн нүүрсний уурхай, цахилгаан станц, Оюутолгойн зэсийн уурхай зэрэг том төслүүдийг хариуцаж ажиллах эрх олгосон. Энэ л үед өнөөх Дубайн гэрээ хийгдэж, “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшилд байх 49 хувийг Монгол Улсад авчирч гээд түүний үгээр явсан үе байгаагүй болов уу. Тэгээд Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2016 оны сонгуулийн үр дүнд унасан. Гэхдээ Оюутолгойн далд уурхайн тал дээр тэр нэгдсэн байр суурьтай байсан байдаг. Тухайлбал, “эхний санхүүжилтээ босгож чадсан нь гарцаагүй эерэг мэдээ. Бүтээн босголт далайн түвшингээс доош 1300 метрийн гүнд долоон жил үргэлжлэх юм. Эцсийн үр дүнг хурдан хүртчих бодол арай амьдралаас хол. Гэвч Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын үе шатан дээр манай үндэсний компаниуд ажилтай байж, олон хүн ажилтай, орлоготой байх нь манай эдийн засгийн уналтыг зөөллөх нь гарцаагүй. Оюутолгойн төсөл дангаараа Монголын эдийн засгийг хэвтрээс босгож барахгүй. Иймээс дараачийн том төслүүдийг эргэлтэд оруулах шаардлагатай байгаа юм” хэмээж байснаас харахад өдгөө маргаан дагуулж байгаа Оюутолгойн далд уурхайн гэрээтэй санал нэгтэй байжээ.
----Амин хувийн улс төрөөс улс орны ирээдүй хүртэл-----
Түүний улс төрийн нөхцөл байдлыг харж байхад өөрийн мэдлэг боловсролоо дайчилан ажиллах чин хүсэл байсан бололтой. Тийм дээ ч намдаа адлагдаж, сүүлдээ намаасаа өрх тусгаарлаж, хэн ч биш болж, Н.Энхбаяртай хүртэл нэгэн хөнжилд орж явсан нь томоохон сургамж болсон. Сургамж гэхээсээ илүү түүнд муу санаа суулгаж, өөрийнхөөрөө байх эрхийг нь хазаарласан гэх үү дээ. Тиймээс тэр чамгүй эдийн засагч гэдгээ ч умартсан, улс үндэстний эрх ашиг гэдгийг ч умартсан тал ажиглагддаг. Тухайлбал, тэрбээр Дубайн гэрээг хийхэд чимээгүй толгой дохиж суусан байна. “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшилд байх 49 хувийг хууль бусаар оруулж ирэхэд чимээгүй толгой дохисон байна. Монгол Улсын сайд бол Засгийн газрын бүхий л шийдвэр тогтоол гаргалцах эрх бүхий хүн гэхээр түүнд мэдэгдэлгүй энэ асуудал өрнөхгүй. Тэр тусмаа М.Энхсайхан үүнийг мэдэхгүй байна гэж үгүй, мэдэхийн дээдээр мэдэж буй. Нөгөө талаар өөрийн гэсэн үзэл баримтлал, итгэл үнэмшил хаана байна вэ. Барууны үзэлтэй намын дарга, зүүн төвийн үзэлтэй намтай очоод нийлж байна. Нэгэн цагийн өрсөлдөгч, дайсантайгаа нэгэн хөнжилд орж байна гэхээр энэ хүн өөрийн үнэт зүйлээ гээж зөвхөн их улс төр, өндөр дээд албан тушаалд шунасан мэт өнцөг харагдана. Энэ мэт цөөн тооны үйл явцаас харахад М.Энхсайханы дүр тэс өөр харагдана.
----Он цагийн товчоон буюу боловсролд тэмүүлсэн цаг хугацаа----
Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд МҮАН-ын дарга М.Энхсайхан унаган хотын хүүхэд, тэрбээр 1955 онд Улаанбаатар хотод төрж, 1973 онд Нийслэлийн нэгдүгээр дунд сургууль дүүргэсэн. Олны ярих нь тухайн үед сурлагаар гайгүй нөхөр Киев хотын улсын их сургуулийн хуваарь авч, улмаар тус сургуулийг Олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжил эзэмшсэн байна. Үүнээс гадна АНУ, Япон, Германд мэргэжил дээшлүүлж, улмаар Эдийн засгийн ухааны доктор цол хамгаалсан байдаг. Үүгээрээ ч тэрбээр бусдаас ялгарч харагддаг аж. Дэлхийн олон улсад боловсрол эзэмшсэн нөхөр мэдээжийн хэрэг орос, англи хэлийг унаган мэт эзэмшсэн хэмээн ярьдаг. Арга ч үгүй, аравдугаар ангид байхдаа Олон Улсын Математикийн Олимпиадад оролцож, хүрэл медаль хүртэж байсан хүн шүү дээ. М.Энхсайхан гэдэг нөхөр хэдийгээр өөрийгөө боловсоруулж, мэргэжлээ эзэмшиж чадсан ч үүнийгээ улс эх орныхоо төлөө зориулж чадаагүй гэж хэлэхэд буруудахгүй. Түүнд хэдийгээр улс төрийн нөхцөл байдал ороо бусгаа ч нийгэм эдийн засгийг өөрчлөх боломж байсан. Тэр Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр жил ажилласан. Нийгмийг өөрчилдөггүй юм гэхэд сайн хууль батлуулах боломж байсан. Тэр УИХ-д удаа дараа сонгогдон ажиллаж байсан. Түүнд нийгэм эдийн засгийн хөдөлгөх гол хүчин болсон уул уурхайн том төслүүдийг зөв тийш нь эргүүлж чаддаггүй юм гэхэд бурууг нь уудлаад өгөх эрх мэдэл байсан, мэдээлэлд ч хамгийн ойр ажиллаж байсан хүн. Тэр “Монголын төмөр зам” Төрийн өмчит компанийн захирал, Монгол Улсын сайдаар дөрвөн жил ажилласан хүн гэхээр боломж харагдаад байгаа юм.
Улстөрч агентлагийн өмч мөн тул хуулбарлахыг хориглоно.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин