Эзгүйрсэн суурингийн эзэн өвөө
Нийтлэл
/
2020-05-12

Шар нар үд голлоход өвөө бид хоёр Чонотой хөтлийн даваан дээр тайвуухан гарч ирлээ. Өвөө минь олон жилийн амьдралын тоосонд элэгдэж хуучирсан муу хүрэн дээлээ шууж өвдөг нугалан суугаад түрийнээсээ дүнсэн тамхиа гаргаж ирээд мойног хуруугаараа хэд имэрч сурамгай гээч  нь ороогоод ажилдаа орлоо. Түүний ажил энэ хөтлөөс сумын төвийн амьдралыг дурандах. Сүүдэр сүүдрээ дарсан хэдэн тоосгон байшин сумын эмнэлэг, сургууль, захиргаа, банк бараадсан хэдэн дэлгүүр, шил шилээ дарсан хэдэн айл. Хүн амьдардаг үгүй нь үл мэдэгдэх энэ дүнсгэр сууринд үе үе улаан шороо босгон ирэх явуулын хүний машин тэрэг, энд тэнд холхилдох хэдэн халтар ноход, хэзээ ч юм чанга ярьдаг байсан сумын төвийн узель салхинд хаа нэг савлах нь энэ сумыг амь оруулна. “Үгүй тэр, Довдонг хараач... хурдан хурдан алхаад хаа хүрэх нь вэ... Аа золиг гэж, Довдон л болсон хойно ганц шил юм руугаа л яарч яваа биз. За тэгээд ганц шил юм нь нар унахад дуусч эхнэр хүүхдэддээ агсан тавьж зовооно биз. Энэ хүн ажилгүй ч гэсэн архиа больчихвол тустайсан даа. За тэр, захиргаанаас шар Чамиа гараад ирлээ. Бодвол захиргааг бүтэн нэг тойрчихоод гарч ирээ биз дээ. Ажил цуглахтай зэрэгцээд жигтэйхэн гангалж аваад, саатай ягаан тэрлэгээ хийсгээд л захиргаа руу ордог хүн дээ. Хэнд сайхан харагдана гэж ингэж гоёдог юм бол доо, хөөрхий. Үгүй тэгээд сумын төв орохдоо өмсөхгүй юм бол өөр хаанаа ч ингэж гангалах билээ дээ. Гүйэ хө... сумын хэдэн хоршоо бид хэддээ л эзэн байх юм даа. Хүмүүс ноос нооолуурын цаг болохоор, эсвэл банкнаас зээл авахаараа төлье гээд үнэн худал хамаг л зовлонгоо тоочин байж зээлээр хоолоо залгуулдаг ганц газар нь. Энэ хэдэн хоршоонд өргүй айл ч гэж үгүй. Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар яалаа даа. Шар дэлгүүрийн эзэн Хүрлээ хүмүүсийг өрөөр нь айлгаж далайлгаж байгаад хамгийн их сонгогчтойгоороо Засаг дарга болоогүй юу.  Хм, дарга болоод олонд хийж гавьсан зүйл ч алга...! Харин өөрийнх нь байшингийн давхар л нэмэгдээ шив дээ”. Өвөө минь энэ мэт дуранд нь үзэгдэх бүх зүйлийг надад ярина. Би тэр яриануудых нь талыг нь л ойлгож дэмий л өвөөгөө харж суудагсан.

“Үгүй байз, тэр...тэр сургуулийн урд гадны хоёр машин ирээд зогсох чинь ээ... Юун улс ирээ юм бол?. Суманд сургалт явуулах гэж байгаа юм байх даа. Гүйэ тэгж энэ газрыг нэг хөл оруулвал сайхан л байна. 

Ээ, суурин минь ингэж ч эзгүйдэж, сум минь ингэж ч амьдралгүй болох гэж дээ”. Энэ үед муу өвөөгөө хачин их өрөвдөв. Энэ сайхан суурингийн анхны шанг татаж, муу эмээтэй минь энд л анх танилцаж одоо ч энэ л сууриндаа амьдарсаар байгаа өвөө минь. Өвөө бид хоёрын уртаас урт бодлыг хэн нэгэн эрэгтэй хүний бөгшүү ханиалгах чимээ таслав. Манай сумын ганц сайн малчин Бүрнээ ах өвөөд минь их сайн. Зорьж ирж сүү, цагаа өгдөг юм.

-Өвгөн ах минь юу дурандаж суугаа юм дээ. Та өдрийг энэ хөтөл дээр барах юм аа даа.

 -Өө ах нь тэр хэдэн машиныг л дурандаж сууна. Гаднаас сургалт хийхээр хүмүүс ирээ юу даа, чи юм олж дуулав уу?.

-Хцс... ямар юмных нь сургалт байх вэ, өвгөн ах минь. Наад хүмүүс чинь Засаг даргын зарж борлуулсан Мойлтын амны шинэ эзэд юм байх аа. Өвөрлөгч хүмүүс л гэнэ. Хүйтрэхээс өмнө хэсэг олборлолт хийх юм гэнэ. Ахын хэлсэн энэ үг өвөөд гэлтгүй надад ч хүндээр тусав. Хүүхэд байхдаа гудамны бараг бүх хүүхдүүд тав, аравтын бетон бариад л мойлтын амруу гүйж өгнө. Тэнд өдөржин голын усанд орж, жимсээ түүж, туулай чоно болж тоглож өнждөгсөн. Орой нь гэдэс нь хонхолзсон хүүхдүүд гэрийн зүг түүсэн жимсээ асган барин гүйдэгсэн. Хүүхэд насны минь энэ сайхан газар одоо зүгээр ухсан нүх болно гэхээр хүүхэд насны бүх дурсамж бас тэнд хамт ухагдаад, угаагдчих юм шиг. Цээж хачин хөндүүр боллоо. “Нутгийн хүмүүс маань нутгаа орхиод төв бараадна. Нутгаа эргэж харна гэж ер үгүй юмаа. Тэгэхээр энэ нутагт хэн шунах юм бэ? Харийн улс л шунана шүү дээ. Тэд  л эзэн суух гээд байна, энэ сууринд минь” өвөө минь босож дээлээ нэг сайн гөвөөд уртаар санаа алдаад бүгтэсхийн алгуурхан хөлөө зөөж хүндээр гишгин алхалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.159.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.