БАРИМТ: С.Оюунбилэг Соёлын яамны 58 албан хаагчийг СОЛЬЖ, гурван хүнийг ДАВХАР АЛБАНД томилж, ХУУЛЬ ЗӨРЧЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-12-09

Төрийн албаны зөвлөлөөс төрийн жинхэнэ албан хаагчийн шалгуурт нийцэхгүй гэсэн шийдвэр гарсаар байтал энэ салбарт ажилд орох гэж зүтгэсээр байгаад ирсэн нэг хатагтай бол өнөөгийн Соёлын яамны хууль бус Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг гэгч юм. Тэрбээр өмнө нь “Хаан бууз” сүлжээний менежер, гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Үндэсний Аудитын газрын орлогчоор мөн л хууль бус томилгоогоор очиж байсан. Өөрөөр хэлбэл Үндэсний Аудитын газар хоёр жил гаруй хууль бусаар орлогч дарга хийснээс өөрөөр төрийн албан ажилласан туршлагагүй нэгэн. Гэтэл энэ хүн  Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга болсоноос хойш Монгол улсад хүчин төгөлдөрмөрдөгдөж Төрийн албаны тухай хууль болон 2021 оны 02 дугаар сарын баталсан Засгийн газрын 43-р тогтоолыг илт зөрчиж хууль бус томилгоо, халаа сэлгээг хийжээ.

Санжаадоржийн Оюунбилэг Соёлын яаманд хэрхэн ирсэн бэ..?

Баримт нэг: 2021 оны 01 дүгээр сарын 29-нд У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсоны дараа Соёлын сайд С.Чулуун үүрэгт ажлаа Чинбатын Номинд өгөв. Шинээр томилогдсон Ч.Номин сайд өөрийн багаа бүрдүүлж туслах, зөвлөх гээд тойрон хүрээлэгчдээ бүрдүүлэв. Тэдний дунд өнөөх алдарт Санжаадоржийн Оюунбилэг гэх эмэгтэй сайдын зөвлөх гэсэн албан тушаалд ирэв.

Баримт хоёр: Дараа нь тушаал ахиж барьцаа ахиулав. Тус яамны Төрийн удирдлагын баг буюу Төрийн захиргаа удирдлагын газрын дарга болох гэж үзсэн ч Төрийн албаны зөвлөлөөс түүнийг уг албан тушаалд томилоход шаардлага хангахгүй, хуульд нийцэхгүй гэж албан бичиг ирсэн. Харин тухайн үеийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат төрийн албаны зөвлөлийн дээрх албан бичгийг үл ойшоон С.Оюунбилэгийг Төрийн захиргаа удирдлагын газрын дарга болгов.

Баримт гурав: Соёлын яамын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Эрдэнэбат гадаад эх орноо төлөөлөн суухаар дипломат алба руу шилжсэн тул түүний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр өнөөх Санжаадоржийн Оюунбилэг гэх эмэгтэй очив. 2021 оны 07 дугаар сараас 2021 оны есдүгээр сар хүртэл үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 15-ний өдрйин Засгийн газрын хуралдаанаар жинхлэгдэв. Өнөөх шударга ёсыг тогтоож, авлигал, хүнд сурталтай тэмцэнэ гэсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, насаараа Хууль зүйн сайд хийн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нар ийнхүү хүчин төгөлдөр хэрэгжиж буй Төрийн албаны тухай хуулийг НОЦТОЙ ЗӨРЧИЖ хууль бус томилгоо болов.

С.Оюунбилэгийн СОЁЛЫН ЯАМАНД ажилд орсоноос хойш юу болов?

Түүнийг Соёлын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, төрийн нарийн бичгийн даргаар албан ёсоор томилогсоноос хойш соёлын яаманд юу болж өнгөрөв.

ЗӨРЧИЛ НЭГ:

Тэрбээр Соёлын яаманд ажилд очсоноос хойш дараах зөрчлүүд үүсчээ. Тодруулбал, Төрийн албаны тухай хууль ХЭРЭГЖИХЭЭ БОЛЬСОН. Намын дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын нөлөөгөөр ХУУЛЬ ЗӨРЧСӨН томилгоо хийгдэв.

Төрийн албаны тухай хуульд зааснаар “23.2.1.тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх;” гэж заасан. Гэтэл Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй.

ЗӨРЧИЛ ХОЁР:

С.Оюунбилэг нь Ерөнхий аудиторын орлогч байхдаа туслахаараа ажилулулж байсан Б.Чимэдлхам, С.Алтагэрэл, А.Сансарбаатар нарыг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр ажилд авч, улмаар тушаал ахиулж, тэрчлэн хоёр ажлын мистэнд томилж, давхар цалин авах боломжийг бүрдүүлсэн нь Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын 41-р тогтоолыг илт зөрчсөн.

Тухайлбал Засгийн газраас баталсан 43-р тогтоолд  “...Шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг удаа дараа  ноцтой зөрчсөн.

Төрийн албаны тухай хуульд зааснаар “27.2.Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ.”, 32.4.Улс төрийн албан тушаалтан, улс төрийн нам, эвслийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, бусад этгээдийн зүгээс төрийн албан тушаалд томилох үйл явцад аливаа хэлбэрээр нөлөөлсөн тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагч, төрийн жинхэнэ албан тушаалд нэр дэвшигч иргэн энэ тухай тэмдэглэл хөтөлж, холбогдох баримтыг төрийн албаны төв байгууллагад 30 хоногийн дотор хүргүүлнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

ЗӨРЧИЛ ГУРАВ:

Яамдын эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Соёлын яам нь 78 хүний орон тоотой ажиллах хуультай. Гэтэл С.Оюунбилэг Төрийн нарийн бичгийн дарга болсоноос хойш орон тоо хэтрэлттэй буюу 10 албан хаагч илүү ажиллаж, энэ хэмжээгээр ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ хий үрж, илүү хүн цалинжуулж байна гэсэн үг.

ЗӨРЧИЛ ДӨРӨВ:

Анх Соёлын яам байгуулагдсанаас хойш ажилд орсон хүмүүсээс дэд сайд М.Батбаяр нарын 28 албан хаагч л үндсэн ажлаа хийж байгаа. Бусад нь С.Оюунбилэгийг Төрийн нарийн болсоноос хойш хоёроос гурван удаа солигдсон, дандаа шинэ хүмүүс байна. С.Оюунбилэг нь өөрөө сайдын зөвлөх, төрийн захиргаа удирдлагын газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга гээд нийт гурван албан тушаал хашсан. ХУУЛЬ БУС томилгоогоор очсон улстөрийн албан тушаалтан болж таарав.

ЗӨРЧИЛ ТАВ:

Нэг хүнийг хоёр давхар албан тушаалд томилж, хоёр хүний ЦАЛИН ОЛГОЖ байна. Тодруулбал С.Оюунбилэг нь Ерөнхий Аудиторын орлогчоор ажиллаж байхдаа туслахаараа ажиллуулж байсан Баярсайханы Чимэдлхам гэгч эмэгтэй Соёлын яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар болон Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн гэсэн ХОЁР АЛБАН ТУШААЛД давхардуулан ТОМИЛСОН.

Бат-Эрдэнийн Батхуягийг Соёлын үйлдвэрлэл, инновацийн хэлтсийн төлөвлөлт, хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн, Хууль эрх зүйн хэлтсийн нууцын асуудал, хөрөнгө орлогын асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн ХОЁР АЛБАН ТУШААЛД томилсон зэрэг зөрчлүүд гаргасан байна.

Түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагч аливаа нам, улстөрийн үйл ажиллагаа, хурал цуглаанд оролцох нь хуулиар хориотой байтал Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга  С.Оюунбилэг нь МАН-ын 30 дахь удаагийн их хуралд ТӨЛӨӨЛӨГЧӨӨР оролцсон нь ТӨРИЙН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН үйлдэл юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.40.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.