“Бүтээлч Баянголчууд" нээлттэй өдөрлөгт 20 гаруй аж ахуй нэгж 600 орчим нээлттэй ажлын байр зарлалаа
Үйл явдал
/
2022-05-13
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс өнөөдөр "Бүтээлч Баянголчууд" нээлттэй өдөрлөгийг МҮЭСТО-нд зохион байгуулж байна.

Өдөрлөгт төрийн нийтлэг үйлчилгээний болон хувийн хэвшлийн 20 гаруй аж ахуй нэгж байгууллага оролцож буй бөгөөд 600 орчим нээлттэй ажлын байр зарлаж ажил хайж буй иргэнийг бүртгэх, зуучлах, сул чөлөөтэй байгаа ажлын байрны захиалгыг танилцуулах, ажилтантай ярилцлага зохион байгуулах, 2022 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг иргэдэд танилцуулж байна.

“Бүтээлч Баянголчууд" нээлттэй өдөрлөгт БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга Г.Батбаяр болон БГД-ийн жижиг дунд хөдөлмөр эрхлэгчид ажлын байр хайж байгаа иргэд оролцлоо.

Нээлтийн арга хэмжээний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар хэд хэдэн зүйлийг онцолсон. Тодруулбал, "Монгол Улсын Засгийн газрын Халамжаас-Хөдөлмөрт бодлого, чиглэл, Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх зорилт тавин ажилладаг.

Өнгөрсөн жил гэхэд дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс 600 гаруй ажлын байрыг бүртгэн мэдээлж 750 иргэнийг ажлын байранд зуучлан түр болон байнгын ажлын байраар хангасан байна. 2022 онд энэ тоо нэмэгдэх байх. Учир нь өнгөрсөн хоёр жил ковид-19 цар тахал гарснаас үүдэж ажлын байрны тоо буурсан мэдээтэй байсан. Тэгвэл энэ жилээс иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн тоо нэмэгдсэн. Ингэхдээ Ногоон ажлын байр, Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг шинээр батлан хэрэгжүүлж байна. Нийслэлийн Засаг даргын зүгээс ажлын байрыг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд Ногоон ажлыг байрыг бий болгоход анхаарч ажиллаж байгаа. Дүүргийн холбогдох хэлтэс албад мөн нийтийн эзэмшлийн талбайг зүлэгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарч олон ажлыг хийж байна. Иймээс энэ чиглэлд ажлын байр нэмэгдэх боломжтой. Үүнээс гадна Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тодорхой саналуудыг дүүргийн зүгээс дэмжиж ажиллах болно” гэсэн юм.

Мөн энэ үеэр дүүргийн 25 хорооны ажлын албаныхан энэхүү өдөрлөгт ирж  үйл ажиллагаатай нь танилцан мэдээлэл авах хэрэгтэй. Хэдийгээр энэ өдөрлөг дууссан ч ХХҮХ-ийнхэн үргэжлүүлээд хорооны ажлын албаар дамжуулаад иргэдийг баталгаатай ажлын байраа олоход туслаж дэмжиж ажиллаарай гэж байсан юм.   

 

Түүнчлэн өдөрлөгийн үеэр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдан Өрхийн үйлдвэрлэл эрхлэх хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.

Ташрамд мэдээлэхэд, Баянгол дүүрэгт 2022 онд гарааны бизнес, хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил бизнес эрхлэгч 45 иргэн, 6 залуу, 38 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 13 ахмад настанд санхүүгийн дэмжлэг үзүүлж, зээлийн өмнөх болон зээлийн дараах түрээсийн хөнгөлөлт, борлуулалтын дэмжлэг, сургалт, санхүүгийн бус үйлчилгээг хүргэсэн. Түүнчлэн 2022 онд дүүргийн 1500 гаруй иргэнийг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулж 600 иргэнийг байнгын ажлын байранд зуучлан, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх 7 хөтөлбөр 28 арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.239.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.