З.МЭНДСАЙХАН : Ногооны үнийг тогтоож, шатахууны үнийн хөнгөлөлтийг үзүүлэхээр боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-07-29

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ургац хураалтад шаардлагатай шатахууны үнийг хөнгөлөх тогтоолын төслийг танилцууллаа. Уг тогтоолын төсөл Засгийн газрын хуралдаанаар дэмжигдэж, үүний үр дүнд иргэд хүнсний ногоог шатахууны үнийн өсөлтөөс үл хамааран хямд худалдан авах боломж бүрдэж байгаа юм.

Тодруулбал, Манай улс жилд газар тариалангийн үйлдвэрлэлд 23-25 мянган тонн шатахуун хэрэглэдэг. Намрын ургац хураалт, уриншийн хоёрдугаар боловсруулалтын ажилд нийт 10 мянган тонн дизель түлш шаардлагатай байгаа аж. Хаврын тариалалтаас хойш дизель түлшний үнэ 19.2 хувиар нэмэгдэж 4030 төгрөг болсон нь хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх гол хүчин зүйл нь болоод байсан юм. Иймд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы танилцуулсан тогтоолын төсөл батлагдснаар хүнсний ногооны үнийн өсөлтөд шатахууны зардал дарамт болохооргүй болж байгаа юм.

     Ургац хураалт, уринш боловсруулалтад шаардагдах 10 мянган тонн дизель түлшний үнийн зөрүү болох 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэжээ.

Мөн Засгийн газрын хуралдааны үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Энэ онд улсын хэмжээнд 368.4 мянган га-д үр тариа, 19.7 мянган га-д төмс, 10.9 мянган га-д хүнсний ногоо, 51.2 мянган га-д малын тэжээл, 116.0 мянган га-д тосны ургамал, нийтдээ 570.8 мянган га-д тариалалт хийгээд байна. Орон нутгаас ирж байгаа мэдээллээр Увс аймгаас бусад тариалангийн бүс нутгуудаар ургацын төлөв байдал сайн, болц хэвийн байгаа бөгөөд эрт ургацын төмс, хүнсний ногооны түүвэр хураалт эхэлсэн, үр тарианы хураалт 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэх төлөвтэй байна.

ОХУ, Украйны дайн, цар тахлын улмаас улс орнууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Үүнтэй холбогдуулан экспортын бүтээгдэхүүндээ хилийн хориг тавьж, зарим улс хүнсний бүтээгдэхүүн ялангуяа улаанбуудайн дутагдалд орж дэлхийн зах зээлд үнэ нь өндөр байна. Энэ хүнд цаг үед  бид  эх орныхоо хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, үнийн өсөлтийг хязгаарлах, тогтвортой байдлыг хангах шаардлагатай байна. Манай улсын хувьд үнийн өсөлтөөс илүү хүнсний хомсдолд орохгүйн төлөө анхаарч байна” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.234.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.