Хаа-н салбарын баруун бүсийн зөвөлгөөн боллоо
Үйл явдал
/
2022-07-30
Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын талаар баруун бүсийн зөвлөгөөн, уулзалт өнөөдөр   Ховд аймагт зохион байгуулагдлаа.

Уг уулзалт зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Д.Бауыржан, орлогч дарга Х.Арман, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан, Мал эмнэлгийн газрын дарга А.Айдынасхар болон ХХААГ-ын мэргэжилтнүүд оролцлоо.

Зөвлөгөөнийг нээж, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан үг хэлж, Хөдөө аж ахуйн салбарт Засгийн газар болон салбарын яамнаас  авч хэрэгжүүлж байгаа бодлогыг Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн Засаг дарга болон ХААГ-ын дарга, мэргэжилтнүүд болон хэвлэл мэдээллийнхэнд танилцууллаа.

Тэрээр “Дэлхий нийтийг хамарсан “КОВИД-19” цар тахлын улмаас улс орнууд өндөржүүлсэн бэлэн байдалд орж, онцгой дэглэм мөрдөж, экспортын бүтээгдэхүүндээ хилийн хориг тавьж байгаа энэ хүнд цаг үед бид эх орныхоо хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг хангахад аймгийн Засаг дарга нар, хөдөө аж ахуйн газрын дарга, мэргэжилтнүүд, мал эмнэлгийн эмч, ажилтнууд, малчин, тариаланчдын оролцоо чухал.

Дотоодын зах зээл дээр мал, мах үнэ ханш өндөр тогтвортой байгаа үед малаа худалдан борлуулахад анхаарч малчдыг зөв мэдээ, мэдээллээр хангах, орон нутагт шаардлагатай арга хэмжээг авах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна. Дулааны улирлын цаг агаарын төлөв байдлаас харахад зуны саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан буюу олон хоногоор хэт халуун үргэлжлэх, гэнэтийн аадар бороо орж болзошгүй байна. Мөн малын гоц халдварт өвчний эрсдэл өндөр, малын тоо толгойн хэт өсөлт, бэлчээрийн даац багтаамж жилээс жилд багасаж байгаа тул 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг эртнээс хангах шаардлагатай. Иймд улсын хэмжээнд зуншлага тааруу байгаа аймаг, сумдын отор нүүдлийн судалгааг гаргаж, мал эмнэлгийн халдварт өвчний тархвар зүйн судалгаатай уялдуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамрагдсан малын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг зохион байгуулах талаар онцгой анхаарах шаардлага тулгарч байна”  хэмээн онцлов.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан дараа аймгийн Засаг дарга Д.Бауыржан Баян-өлгий аймгийн зуншлага, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар товч танилцуулсан юм.

Тэрээр “Манай аймаг 2022 оны эхэнд 9845 малчин өрх, 15539 мал бүхий өрхөд нийт 2.379.013 мал тоолуулсан.  Үүнээс 9920 мал зүй бусаар хорогдсон байна. 2022-2023 онд урьдчилсан байдлаар 350 мянган малыг толгой малын зах зээлд гаргахаар, 325 мянган толгой малыг дотоодын хэрэгцээнд зарцуулах, 2.583.298 орчим мал өвөлжихөөр урьдчилан тооцоолоод байна.

Хийж хэрэгжүүлсэн ажил гэвэл УЦУОШТөвийн дэргэдэх “ӨЛГИЙ-БОРОО” экспедицийн бүрэлдэхүүн нь 05 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд нутгийн баруун өмнөд чиглэлд буюу Дэлүүн сумын Тал нуур, Буянт сумын Хөлцэйтээс тус бүр 2 ширхэг пуужин зарцуулж цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа, 05 дугаар сарын 26-ны өдөр нутгийн баруун чиглэлд буюу Сагсай сумын нутаг дэвсгэрт зориудаар нөлөөлж Өлгий, Ногооннуур, Алтанцөгц, Алтай, Цэнгэл, Сагсай, Даян, Хотгор, Улаанхус, Буянт, Баяннуур, Толбо сумууд болон уулархаг нутгаар, 07 дугаар сарын 09, 18, 20-ны өдрүүдэд аймгийн хуурайшилтай байгаа Баяннуур, Алтанцөгц, Толбо, Дэлүүн, Булган сумдын нутгаар нийт 6 ширхэг пуужин зарцуулж цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг явуулав.

…Мөн аймгийн Засаг дарга сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга нартай цахим хурал хийж өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, намрын отрыг зохион байгуулах, малчид өөрсдийн хэрэглээний өвс, сумын аюулгүйн нөөцийг төлөвлөгөөний дагуу бүрдүүлэх талаар үүрэг чиглэл өгөв.

0331-р анги, 0285-р ангийн захирагч нарт албан тоот хүргүүлэн Алтай, Булган, Дэлүүн, Улаанхус, Цэнгэл, Сагсай, Ногооннуур сумдын малчид хийлийн зурвасаас хадлан бэлтгэх зөвшөөрөл олгох хүсэлтээ явуулсан. … Намар, өвлийн отрыг эртнээс зохион байгуулахаар БОАЖЯаманд Дунд гол, Хөх сэрхийн нуруу, Алтай таван богд, Алтайн нурууны тусгай хамгаалалттай бүс нутгуудад 460 өрхийн 8700 бод, 121700 бог, нийт 130400 толгой малыг оторлуулахаар,Хил хамгаалах ерөнхий газарт хүсэлт тавьснаар 448 өрхийн 14300 бод, 105600 бог, нийт 119900 толгой мал оторлуулах зөвшөөрөл авахаар хүсэлт явуулсан. Одоогийн байдлаар Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан, Увс аймгийн Бөх мөрөн сумын нутагт 610 өрхийн 7563 бод, 118560 бог, бүгд 126123 толгой малыг оторлуулахаар хүсэлтийг явуулсан.

Аймгийн хэмжээнд 2022 хаврын ургац хураалтад ажиллах техникийн бэлэн бүрэн хангагдсан байна.

… Тус аймгийн Булган сумд 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр шүлхий өвчний тохиолдол бүртгэгдэж 20 өрхийн 51 үхэр, Дэлүүн сумд  8 дугаар сарын 25-ны өдөр шүлхий өвчнөөр 26 өрхийн 85 мал өвчилж 9 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш мал өвчлөөгүй, 2 сумын нийт 46 өрхийн 136 мал шүлхий өвчнөөр өвчилсөн.

2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Алтанцөгц сумын нутаг дэвсгэрт шүлхий өвчнөөр  4 өрхийн 94 мал, 2 дугаар сарын 23-ны өдөр Өлгий сумын 2 өрхийн  10 мал, 3 дугаар сарын 19-ний өдөр Бугат сумын 2 өрхийн 12 мал,  Баяннуур сумын 2 өрхийн 4 мал өвчилсөн. Өвчин гарсан 6 сумын  9 багийн 54 өрхийн  256 толгой малын шүлхий өвчний шинж тэмдэг бүрэн арилж энгийн дэглэмийн байдалд шилжсэн.

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх  дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах тухай” Мал эмнэлгийн ерөнхий газрын А/77 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн А/245 дугаар захирамжийн дагуу шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг 2022.04.18-наас эхлэн шуурхай зохион байгуулсан. Шүлхий өвчний вакцинжуулалтад шаардагдах хүн хүч, бензин шатахууны зардлын тооцоог гаргаж, аймгийн онцгой комиссын хурлаас  вакцинжуулалтын ажилд шаардлагатай 14,0 сая төгрөгийг аймгийн гамшгийн нөөц хөрөнгөөс,  сумдын Засаг даргын нөөц хөрөнгөөс 11 сая, нийт  25 сая төгрөгийг гаргасан. 13 сумын 12,590 өрхийн 182000 үхрийг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулсан” хэмээн танилцууллаа.

Түүнчлэн энэ үеэр Засаг дарга ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханыг манай аймагт хүрэлцэн ирж ажиллахыг урьж, Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын нөхцөл байдалтай биечлэн танилцахыг хүсэв. Үүнээс гадна Хилийн зурвас газраас хадлан бэлтгэх, оторлох үед  Хилийн 0331-р анги, 0285-р анги, 0165 дугаар ангитай байгуулах гурвалсан гэрээ нь иргэдэд хүндрэл учруулах талаар дурдаж,  тус гэрээ хэлэлцээрийг болилцуулах арга хэмжээ авч өгөхийг ХХААХҮ-ийн сайдаас хүслээ.

Зөвлөгөөний төгсгөлд ХХААХҮ-ийн сайд таван аймгийн холбогдох албан тушаалтнуудад дараах зүйлийг  үүрэг болголоо.

Аймаг бүр намрын ургац хураалтыг технологийн хугацаанд гүйцэтгэхэд онцгой анхаарах ёстой. Үүний тулд их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан, сонсогч, цэргийн алба хаагч болон бусад иргэдийг сайн дурын үндсэн дээр ургац хураалтын ажилд оролцуулах ажлыг зохион байгуулах, ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд шаардагдах шатахууны хангалтад анхаарах, импортоор авч байгаа техник, тоног төхөөрөмж, бараа, материалыг улсын хилээр шуурхай нэвтрүүлэх, ургац хураах, тээвэрлэх зам, гүүрийн эвдрэл гэмтлийг тогтоож, засварлах ажлыг ургац тээвэр эхлэхээс өмнө гүйцэтгэхийг даалгалаа.

Намрын ургацын баланс, хадлан тэжээлийн бэлтгэлд тулгуурлан өвөл, хаврын улирлын тэжээлийн хэрэгцээ, хангамжид үндэслэн дотоодод бэлтгэсэн өвс, тэжээл, хивэгний экспорт, импортыг нэмэгдүүлэх, хязгаарлах эсэх арга хэмжээг хэрэгжүүлэх, Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөгөөт хугацаанд нь чанартай зохион байгуулж, зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслээр хүртээмжтэй хангах, малын халдварт болон гоц халдварт өвчнөөр тайван байдлыг хангах, малын шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, хянах, хязгаарлах, мал эмнэлгийн бэлэн байдлын нөөцдөө үнэлгээ хийж, шаардлагатай нөөцийг нөхөн бүрдүүлэхийг үүрэг болголоо. Наадмын дараа намар гэдэг. Бид дөрвөн улирал ээлжилдэг эх оронтой. Хатуу цагийг бэрхшээлгүй давахын тулд хөдөө аж ахуйн салбарынхан эрсдэлийг түрүүлж харах, асуудлаа тооцоолдог чадамжтай байх ёстой. Тиймээс өнөөдрийн цаг агаарын сайханд хуурталгүй өвөл, хаврыг өнтэй давахын тулд намрын их ажил руугаа ханцуй шамлан орох хэрэгтэйг баруун таван аймгийн холбогдогдох албан тушаалтнуудад санууллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.92.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.