Баянхонгорчууд түүхт 80 жилийн ойгоо угтаж улсын наадамдаа өнгөтэй, бяртай, жавхаатай наадлаа
Үйл явдал
/
2022-08-02
Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний баяр наадамдаа Баянхонгорчууд өнгөтэй сайхан наадлаа.
 
Түүхэндээ Их морийн түрүү магнайд анх удаа Хонгор нутгаас буюу Баацагаан сумын харьяат, аймгийн алдарт уяач Сүрэнжавн Энхтөрийн "Дүүгүүр хээр" хурдаллаа.
 
Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат аймгийн заан Энхтүвшингийн Батмагнай улсын наадмын зүлэг ногоон дэвжээнээ 21 настайдаа анх удаа гарч барилдахдаа онцлох уран барилдааныг үзүүлж Улсын Начин цол хүртэв.
 
Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Улсын начин Болдын Эрдэнэхүү цолоо баталж, улсын өсөх идэр начин чимэг хүртэв.
 
Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо улсын наадамдаа хоёр удаа шөвгөрч, зургаа даван Харцага цолоо бататган хонгорчуудаа баясгалаа.
Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой Номгон хайрханы бэл, Түйн голын хөвөө, Дуурсахын цэнхэр хөндийд энэ сарын 29, 30, 31-нд болох бөгөөд гурван бүсийн үзэсгэлэнт нутгаас төрсөн уяач, бөхчүүд маань нутаг түмнээ баясгалантай сайхан наадуулж, цол чимгээ үнэн хүчээрээ ахиулан омогшил, бахдал дүүрнээр ойдоо бэлэг барилаа.
Монгол улсын арслан Пагамын Аюушийн мэндэлсний 100, Нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Сономын Лувсанвандангийн мэндэлсний 90, Баянхонгор аймаг байгуулагдсаны 80 жилийн ой - Хангайн бүсийн хурд их баяр наадамдаа хүрэлцэн ирж бяр чадал, уран мэх, уяа сойлгоо бахдуулан наадахыг урьж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.101.251)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.