Даянгийн боомтыг шинэчилэн барих, боомтыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах үүднээс судалгаа хийлээ
Үйл явдал
/
2022-08-16

   “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 07 дугаар сард Даянгийн боомтод ажилласан.

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус боомтод ажиллах үеэрээ “Даянгийн боомт Шинжаан Уйгурын өөртөө засах оронтой хиллэдэг учраас эдийн засгаа тэлэх тэр дундаа аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой бүс нутаг. БНХАУ Даян боомттой хиллэдэг талаасаа авто замаар холбочихсон байгаа. Өлгий сумаас Даянгийн боомт хүртэл 180 орчим километр.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Цагааннуур, Даянгийн боомтыг авто замаар холбохоор ажиллаж байна. Энэ бол баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн Арцсуурь төмөр замын наад талд Баян-Өлгий аймгийн хамгийн богино хугацаанд гурван улсыг холбосон авто замын боомт болох юм.

Боомтуудыг авто замаар холбосноор өрсөлдөх чадвар сайжирч, эдийн засгийн болоод стратегийн хувьд туйлын чухал ач холбогдолтой болно” хэмээн тэмдэглэн хэлсэн.

     Тэгвэл энэ удаад “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн багийхан Даянгийн боомтод ажиллаж, тус боомтыг шинэчлэн барих ажлын хүрээнд шинэ барилга байгууламж барих газрыг сонгож, хилийн боомтыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах үүднээс цогц судалгаа хийлээ.

700

     Ингэснээр Даянгийн боомтыг шинэчлэн барих ажил эхэлж байгаа бөгөөд, хилийн боомтын төрийн албан хаагчид, иргэдийн ажиллаж амьдрах таатай, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх болон нийгэм, эдийн засгийн нөхцөлийг сайжруулахад чиглэгдэж байгаа юм.

    Үүнээс гадна Засаг даргын орлогч Х.Арман,  “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн дарга Ш.Ардах,  Барилга захиалагчийн албаны  дарга Ш.Жанимхан нар боомтын чиглэлд хатуу хучилттай зам тавих, цахилгаан дамжуулах шугам болон шилэн кабель татах чиглэлүүдийг үзэж, төлөвлөн ажиллалаа.

   Тус боомт 1992 онд нээгдэж, БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны Алтай аймгаас цемент, барилгын материал, жимс жимсгэнэ зэрэг 10 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн нэвтрүүлж байсан ч 2010 оноос хойш үйл ажиллагаа нь доголдож ажиллаагүй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.109.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.