Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, ахлах шинжээч Б.Одонхүү, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Монголын тариаланчдын үндэсний холбооны төлөөлөл хамтарсан баг орон нутаг дахь томилолтын гурав дахь өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар, Ерөө, Жавхлант, Баянгол, Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллаж, тариаланчид, үйлдвэрлэгчидтэй уулзав.
С.Наранцогт: Манайх жилд 3 тонн жимс, жимсгэнэ хураан авч борлуулдаг
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын тариаланч С.Наранцогт хашаандаа 20 орчим жил жимс, жимсгэнэ тарьж байна.
Тэр 1 га орчим талбайд үхрийн нүд, интоор, чацаргана, мойл, нохойн хошуу, алим зэрэг 10 гаруй төрлийн жимс, жимсгэнэ тарьж, жилдээ 3 тонн ургац хураан авдаг. Үхрийн нүдний 8 төрлийн сорт тариалахаас гадна жимсний мод үржүүлж, борлуулдаг гээд аж ахуйгаа хөгжүүлэхэд их хөдөлмөр зарцуулжээ.
Жимсний мод тарьж, ургуулж, ургацаа борлуулахад ямар ч асуудал байхгүй, харин трактор зэрэг тоног төхөөрөмжийг зээл, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох дэмжлэг хэрэгтэй байгааг хэлсэн юм.
Хүнсний ногооны урамшуулалд хамрагдахын тулд сар бүрийн 10-ны дотор цахим системээр дамжуулан хүсэлтээ илгээх хэрэгтэй
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын тариалан эрхлэгчдийн зүгээс бэрхшээл, асуудал ярихаас илүү ямар боломж, гарц байгааг эрэлхийлж, үнэтэй саналууд хэлж байв. Мөн салбар яамны удирдлагууд, мэргэжлийн холбоо хамтран орон нутагт тариаланчидтайгаа биечлэн уулзаж байгаад талархалтай байгаагаа илэрхийллээ.
Энэ жил Ерөө суманд 31 иргэн, аж ахуйн нэгж 16,4 га талбайд үр тариа, ногоон тэжээл, рапс тариалсан бол 313 иргэн, 8 хоршоо 62,8 га-д төмс, 85,5 га-д хүнсний ногоо тарьжээ. Сумынхаа төмс, хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь хангахаас гадна Улаанбаатар, Сэлэнгэ, Дарханд борлуулдаг.
Хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, тариаланчдаа дэмжих зорилгоор зах зээлд худалдан борлуулсан, стандартын шаардлага хангасан 10 нэр төрлийн хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг энэ жилээс эхлэн олгохоор болсон.
Хүнсний ногооны тариалан эрхлэгч та бүхэн урамшуулалд хамрагдахын тулд
1. Газрын мэдээллийн нэгдсэн системд (egazar.gov.mn) бүртгэлтэй байх
2.Тариалангийн үйлдвэрлэлийн нэгдсэн системийг (www.plant.mofa.gov.mn) тогтмол хөтөлж гарал үүслийн цахим гэрчилгээ авсан байх
3. Хүнсний ногооны борлуулалтыг и-баримт (e-barimt.mn) үүсгэн баталгаажуулсан байх хэрэгтэй. Мөн сар бүрийн 10-ны дотор цахим системээр дамжуулан урамшуулал авах хүсэлтээ илгээхийг анхаараарай.
Жавхлант суманд тариалалтын шинэ аргыг амжилттай туршиж байна
Сэлэнгэ аймгийн Жавхлант сум дахь “Газар өгөөж” ХХК энэ жил анх удаа 3000 га талбайд тариалалтын шинэ аргыг туршиж, ердөө 10 гаруй хоногийн дараа ургацаа хураан авах гэж байна. Цаг хугацааны хувьд эрт, хөрс чийгтэй байх үед буюу 4-р сарын эхэн, дунд үед бага нормоор тариалдгаараа онцлогтой. Ямар нэгэн бордоо ашиглахгүй, зөвхөн ургамал хамгааллын бодис ашигладаг гэдгээрээ ч давуу талтай.
Энэ аргыг анхны жилдээ туршиж байгаа гэхэд буудайн болц сайн, 1 га-гаас 14-15 центнер ургац авах урьдчилсан төлөвтэй байна. Гурилын үйлдвэрүүдийн шаардлага, стандартад нийцсэн, хуурай, цавуулаг сайтай, чанартай буудай үйлдвэрлэхийн тулд энэ аргыг туршиж байгаа хэмээн тариаланч Р.Болорсайхан ярьсан юм.
Дархан-Уул аймаг Монгол Улсын нарийн ногооны хэрэгцээний 15-18 хувийг дангаар хангадаг
Дархан-Уул аймгийн Орхон сумын тариаланч М.Мөнхбаярын талбайд ургац хураалт хэдийнэ эхэлжээ. Энэ жил 20 га-д лууван, 20 га-д сонгино, 7 га-д байцаа тариалсан байна.
Монгол Улсын Засгийн газар 2022 онд нэгэн чухал шийдвэр гаргасан нь хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох жилийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл юм. Тариаланч М.Мөнхбаяр энэ зээлийг авснаар үйлдвэрлэлд нь маш том дэмжлэг болсныг хэлэв. Одоо харин ургац хураалтад ажиллах хүн хүчний асуудал хамгийн чухал байгаа учир үүнд анхаарч өгөхийг сайд З.Мэндсайханаас хүслээ.
Дархан-Уул аймаг Монгол Улсын төмс, хүнсний ногоо, ялангуяа нарийн ногооны 15-18 хувийг хангадаг. Үүний дийлэнхийг буюу 90 хувийг Орхон сумын ногоочид дангаараа үйлдвэрлэдэг байна.
Хүнсний ногооны тариалалт ийнхүү нэмэгдсэн нь төрөөс гаргасан бодлого шийдвэрүүдтэй холбоотой. Хүнсний ногоонд мөнгөн урамшуулал олгох шийдвэр нь ногоо тариалах хүсэлтэй иргэд болон тариалалтыг нэмэгдүүлэх гол хөшүүрэг болсон гэж тариаланчдын төлөөлөл хэлсэн юм.
Дархан-Уул аймгийн хэмжээнд үр тариа, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 107 аж ахуйн нэгж, иргэн 12,1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ.
Цаашид
- Үрийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор үрийн аж ахуй эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ.
- Энэ намрын ургац хураалтад шаардагдах шатахууныг хаврын тариалалтын үеийн төвшинд байлгах зорилгоор зөрүүг олгоно.
- Газар тариалангийн хөнгөлөлттэй зээлийг тогтворжуулна.
- Хүнсний ногоочдод агуулах, борлуулалт чухал байдаг учир энэ намар нийслэлд 45 хоногийн хугацаанд борлуулах талбайг түрээсгүй гаргаж өгнө.
- Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн "Хүнсний хангамж-аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний ногооны үйлдвэрлэл явагддаг гол бүсүүдэд механикжсан агуулах, зоорь барих зорилттой ажиллаж байгаагаа Сайд З.Мэндсайхан тариаланчдад танилцуулсан юм.
"Майнд теч" компани генийн өөрчлөлтгүй, эрүүл, чанартай ургамлын тос үйлдвэрлэдэг
Монголдоо "Эзэгтэй" брэндийн эрүүл, эко ургамлын тос үйлдвэрлэдэг "Майнд теч" компани 2012 оноос хойш энэ үйлдвэрлэлийг хөгжүүлж байна. Монголын хөрсөнд тарьж ургуулсан эрүүл түүхий эд буюу хар рапсаар тус тосыг үйлдвэрлэдэг гэдгээрээ ихээхэн онцлогтой.
Томилолтын баг Сэлэнгэ аймгийн Баянгол сум дахь Сэлэнгэ үйлдвэрт саатаж, ургамлын тосны борлуулалт, татварын хөнгөлөлтийн талаар ярилцаж, санал солилцлоо.
-
18 цаг 8 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
18 цаг 8 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин