УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн шатрын олимпиадын аварга Б.Мөнгөнзул болон шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2022-08-21

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.08.18) Дэлхийн шатрын спортын 44 дүгээр олимпиадад бахдам амжилт гаргаж, алтан медаль хүртсэн Б.Мөнгөнзул болон Үндэсний шигшээ багийн тамирчид, Монголын шатрын холбооны төлөөллийг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

Дэлхийн шатрын спортын 44 дүгээр олимпиад Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ченнай хотноо 2022 оны 07 дугаар сарын 28-наас 08 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан билээ. Оюуны спортын тэмцээнд дэлхийн 197 орны шилдэг 343 баг оролцсоноос Монголын эмэгтэй шигшээ баг 160 орны 162 багаас 15 дугаар байр, эрэгтэй шигшээ багийнхан дэлхийн 187 орны 188 багаас 35-р байр эзэлж, Монголын шатрын түүхэн дэх хамгийн өндөр амжилт үзүүлээд байгаа юм.

700

УИХ-ын дарга, Монголын шатрын холбооны Хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар дэлхийн оюуны их наадамд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, оюуны спортоор Монголчууд дэлхийд үнэлэгдэж байгааг нотлон харуулсан баг тамирчдад онцгойлон баяр хүргээд цаашид дэмжин ажиллахаа илэрхийллээ. 

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Шатрын лобби бүлгийн ахлагч Б.Саранчимэг, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, БОАЖ-ын сайд  Б.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.86.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.