Б.Батзаяа: "ЭМЭГТЭЙ ТЭСЭЛГЭЭЧИН" гээд хүлээн зөвшөөрөгдөх мэдрэмж хамгийн гоё байсан
Үйл явдал
/
2022-08-23

Залуучууд хаана, хэрхэн амьдарч, юуг хийж бүтээж явна вэ? Автобусны сандал дээр суучихвал залуу нас нь буруутчихаад, алсад сурахаар од юу гэхээр хил хаагдчихаад аар саархан өдөр хоногийг өнгөрүүлж явна уу. Аль эсхүл ажлаа хийж, цалингаа аваад ав адилхан 15, 30-ныг үдэж, угтаад эв эгэлхэн амьдарч байна уу.

Үгүй ер дэлхийг эргүүлэх, эринийг манлайлах их хүсэл тэмүүлэлтэйгээр бодож, төлөвлөж, бүтээж байж болох. Аль нь ч л гэсэн хамгийн гоё нь тэд залуу байна. Энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй залуусыг GoGo.mn танилцуулж буй. Энэ удаад "Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн үйлдвэрлэл хариуцсан инженер Б.Батзаяатай / IG: ZayaBaitag / уулзуулж байна.

-Би хүүхэд байхдаа сэргэлэн, аливааг маш хариуцлагатайгаар гүйцэтгэдэг, тун ч бие даасан хүүхэд байсан. Харин нэг төвөгтэй зүйл нь бие маань байсхийгээд л өвдчихдөг байв. Багадаа маш олон бэртэл авсан юм. Эдгээр олон гэмтлээсээ болоод, бас осолд ороод 2008 онд суумгай болсон. Ийм байдалтай 2009 оныг угтав.

Тэр жил арван жилийн сургуулиа төгсөх байлаа. Манай ангийнхан хонхны баяраа тэмдэглэж байхад би Улсын III төв эмнэлэгт хэвтэж байсан. Ангийнхан маань ээлж, ээлжээрээ ирээд л, дараа нь ангийн багш эргэж ирсэн. Би тэр өдөр маш их уйлсан.

Эмнэлгээс гараад хэвтрийн дэглэмтэй байсан ч "Заавал хичээлдээ явна" гээд дүүгээрээ үүрүүлээд 10 хоног сургуульдаа явлаа. Тэгээд дүүгээ өрөвдөөд больсон. Долоо хоноод дахиад л хэвтсэн. Ангийнхан элсэлтийн ерөнхий шалгалтаа өгнө гээд, мэргэжлээ сонгох талаар ярилцаад л. Гэтэл би хэзээ эдгэрэхээ ч мэдэхгүй нэг эмнэлгээс, нөгөө эмнэлэг рүү яваад л. Тухайн үед маш хэцүү байж билээ.

Тэгээд л "Алхаж, явж чаддаг болбол би заавал их сургуульд сурна гэж зүтгэхгүй ээ. Ямар ч хамаагүй хөлсний ажил хийж, мал малласан ч чадна" гээд бурхнаас их л залбирч гуйдаг байлаа.

Аав, ээж минь намайг эдгээхийн тулд уйгагүй эмнэлгээр авч явсан. Би тэдэндээ хэзээ бүтэн хүн болоод тус хүргэнэ дээ гэж өдөр болгон шахуу бодно. Ард үлдсэн энэ хэцүү цаг мөчийг эргээд дурсахад "Хүн итгэл найдвараа гээж болохгүй, тууштай байх ёстой" гэдгийг л бодож байна. Ээж, аав минь "Энэ охин эдгэрэхээсээ өнгөрсөн юм байна" гээд намайг зөнд нь орхисон бол би өдийд ч хүний асаргаанд, гэртээ сууж байх байсан.

Аав, ээж бас өөрийнхөө хичээл, зүтгэлээр гэмтлийн зэрэг маань бусад хүнд хүмүүстэй харьцуулахад хөнгөн тулдаа би хөл дээрээ боссон, алхдаг болсон.

Ингээд ерөнхий боловсролын сургуулиа Ховд аймгийн Булган сумандаа дүүргээд, ШУТИС-ийн инженерийн орчуулагчийн ангид элссэн. Арван жилийн сурагч байхдаа л энэ мэргэжлийг сонгосон байсан ч аав маань "Эмэгтэй хүн хэзээ ч сайн инженер байдаггүй" гэж зөвлөдөг байсан.

Тийм учраас нийгмийн ухааны эсхүл хэлний чиглэлийн мэргэжил эзэмших ёстой гэж боддог байлаа. Тэгээд ЭЕШ өгтөл ШУТИС-д аавын хүссэн хэлний, миний хүссэн инженерийн мэргэжил хамтдаа байсан учраас сонгосон. Тэр ангидаа нэг жил сураад, дараа жил нь дүнгийн хуудсаа бариад ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн тэнхимийн эрхлэгч дээр яваад орлоо.

Тэгээд "Би нэг жилийн хугацаанд ийм дүнтэй суралцлаа. Цаашид уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлээр давхар суралцах гэсэн юм. Давхар суралцах хөтөлбөрийн талаар олж мэдлээ" гээд хэлсэн. Тухайн үеийн дэд захирал маань өргөдлөө бичээд, сургалтын албанд бүртгүүлчих гэснээр би  уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлийг сонгосон юм.

700

Ингээд 2017 оны гуравдугаар сарын 12-ны өдөр "Оюу толгой" уурхай дээр анх очиж, "Рэдпаф Монгол" компанид ажилд орсон. Дөнгөж сургуулиа төгссөн, ажлын туршлагагүй надад "Чамд тэсэлгээ хийж байсан туршлага байхгүй учраас бид инженерийн хэлтсийн бичиг хэргийн ажлын байрыг санал болгож байна" гэсэн. Би дуртайяа зөвшөөрч ажиллаж эхэлсэн. Тэгээд өөрийнхөө бүхий л нөөц бололцоог харуулахыг хичээж, маш шаргуу ажилласан.

Дөрвөн сарын дараа надад "Чамайг инженер болгоод дэвшүүлэн ажиллуулж үзье. Гэхдээ манай инженерийн хэлтэс эмэгтэй инженертэй байж үзээгүй. Ялангуяа Гүний уурхайн тэсэлгээний багт эмэгтэй хүн ажиллаж байсан түүх үгүй. Жил ажиллаад ямар байхаас хамаараад дараагийн ажлын байруудад эмэгтэй хүн авах эсэхээ шийднэ. Хэрвээ чи шантраад, чамд хэцүү байвал чи буцаад бичиг хэргийн ажлаа хийж болно" гэсэн. Ингээд надад маш том итгэл хүлээлгэж, уурхай руу анх буулгасан даа.

Мэдээж, тийм амар байгаагүй. Гүний уурхай руу буух 600 гаруй ажилтны дунд ганц эмэгтэй нь байх өдрүүд цөөнгүй.

Олон жил тэсэлгээ хийсэн туршлагатай ах надад "Чи буруу сонголт хийж байна. Гадарга дээр ажилласан бол эмэгтэй хүнд илүү зохимжтой" гэж хэлж ч байсан. "Би энэ мэргэжлийг дурлаж сонгосон. Надад шантрах шалтгаан байхгүй" гээд л эргэлт, буцалтгүй гүний уурхайдаа ажилласан даа.

Тэр болгоныг давж гарч ирээд "эмэгтэй тэсэлгээчин" гээд хүлээн зөвшөөрөгдөх мэдрэмж хамгийн гоё байсан. Мэдээж, туршлагатай инженерүүд маань тал бүрээс зааж, зөвлөж байлаа.

Гүний уурхайд ажиллах амар биш. Газрын гүнд чимээтэй, тоостой, зарим хэсэгт маш халуун, зарим хэсэгт их хүйтэн, харанхуй, чийглэг. Гэхдээ маш том бүтээн байгуулалтын нэг хэсэг болж, гар бие оролцож "Хүний гараар ийм зүйл бүтээж болдог юм байна" гэдгийг мэдрэх сайхан шүү. Олон залуус, олон цагаар энд ажиллаж байгаа. Үүний үр дүнд бий болж байгаа бүтээн байгуулалт ирэх он жилүүдэд, магадгүй миний хүүхдүүдэд, хүүхдийн хүүхдэд гээд олон хүнд, олон жил эерэг нөлөө үзүүлнэ.

Өнөөдрийн хувьд Монголын эдийн засагт үзүүлж байгаа нөлөөлөл их, олон хүн ажилтай орлоготой байна. Тэдний цаана хүүхэд бий, эхнэр, ээж аав бий. Хүүхдийн цаана чанартай боловсролын асуудал хөндөгдөнө. Энэ мэтчилэн одоо ч маш олон зүйлд эерэг нөлөөлөл үзүүлсээр байна. Тийм учраас гүний уурхайд зориглоод орж ирсэн залуусаар хувьдаа маш их бахархдаг.

Би одоо хамтарч ажиллаж байгаа гаднын мэргэжилтнүүдээсээ бүх боломжоороо суралцаж үлдээд, түүнийгээ дараа дараагийн залуу үед зааж сургаж, бусадтай сурснаа хуваалцахыг хүсдэг. Учир нь Монголын залуус дэлхийн уул уурхайн салбарт гараад хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчин байгаасай гэж боддог.

Монголд хөдөлмөрийн үнэлэмж маш доогуур байдаг. Энэ нь маш олон залуусыг гадагш "дүрвэхэд" хүргэж байгаа. Залуусыг эх орондоо үлдээд, ажиллах боломжийг бий болгож өгөөсэй л гэж хүсдэг дээ. Ажилтны үнэлэмж нэмэгдэх хэрээр амьдралын орчин, нөхцөл дээшилнэ шүү дээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.157.133)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.