З.МЭНДСАЙХАН: Энэ жил улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 хувийг дотоодоосоо хангах урьдчилсан баланс гарлаа
Үйл явдал
/
2022-08-25
Өнөөдөр Улсын ургацын комиссын анхны хуралдаан болж ургацын урьдчилсан баланс, ургац хураалтын үеийн цаг агаарын ерөнхий төлөв, тариалангийн талбай дахь хөнөөлт организмын тархалт судалгааны дүн, тэмцэх арга зөвлөмжийн талаар мэдээлэл өгч, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын ургацын комиссын албан даалгаврыг танилцуулав. 

“Энэ оны ургацын урьдчилсан балансаар 470 мянган тонн үр тариа, үүнээс 441 мянган тонн улаанбуудай, 234 мянган тонн төмс, 126 мянган тонн хүнсний ногоо, 56 мянган тонн тосны ургамал, 104 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарсан. Урьдчилсан балансаас харахад улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 орчим хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэхээр байна. Энэ жил хүнсний ногоочдоо дэмжих зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлж авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн үр дүнд хүнсний ногооны тариалалт 1500 га-гаар нэмэгдсэн” гэж Сайд З.Мэндсайхан мэдээллээ. 


Дэлхий нийтийг хамарсан цар тахал болон хөрш орнуудад үүссэн дайны нөхцөл байдлын улмаас импортын бүтээгдэхүүний нийлүүлэлтэд хүндрэл учирч байгаа энэ хүнд цаг үед үндсэн нэр төрлийн таримлын тариалалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр төрөөс олон чухал шийдвэрүүдийг гаргаж хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. Үүнд:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал - Газар тариалан” үндэсний чуулганыг “Атрын IY аян - Эх орны эрүүл хүнс” уриатайгаар зохион байгуулж, улмаар УИХ, Засгийн газарт хандаж нэгдсэн зөвлөмж гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг чиглэл өгсөний дагуу нийтдээ 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулж хэлэлцүүлэн “Хүнсний хангамж аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолоор батлуулж хэрэгжилтийг зохион байгуулж байна.  
  • Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд арилжааны 7 банкаар дамжуулан Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч 450 аж ахуйн нэгж, иргэнд  70.4 тэрбум, Төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч 970 иргэн, аж ахуйн нэгжид 27,4 тэрбум, нийтдээ тариалан бүхий 1420 иргэн, аж ахуйн нэгжид 97.8 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлийг олгож тариалангийн салбарт хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэв.  
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 276 дугаар тогтоолоор Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, сонсогч, хугацаат цэргийн алба хаагчид болон ажил эрчимтэй эрж байгаа иргэдийг сайн дурын үндсэн дээр ургац хураалтын ажилд татан оролцуулахаар шийдвэрлүүлж хэрэгжилтийг зохион байгуулж байна. 
  • Засгийн газрын 2022 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн 288 дугаар тогтоолоор ургац хураалт, уринш боловсруулалтын ажилд шаардагдах 10.0 мянган тонн дизель түлшний үнийг хаврын тариалалтын үеийн шатахууны үнэтэй ижил түвшинд байхаар тооцож, үнийн зөрүү болох 6.5 тэрбум хүртэл төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж зохицуулахаар шийдвэрлүүлсэн. 
  • 2022-2023 оны өвөлжилт, хаваржилт болон ургац хураалтын бэлтгэл хангах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 09 тоот албан даалгавар гарч хэрэгжилтийг зохион байгуулж байна. 
  • “Хүнсний улаанбуудайн нөөц бүрдүүлэх тухай” Засгийн газрын 2022 оны 119 дугаар тогтоолоор тариаланчдын гар дээр байсан, зах зээлийн эргэлтэд ороогүй, зохих стандарт, журмын шаардлагыг хангаж байсан 6.3 мянган тонн хүнсний улаанбуудайг улс худалдан авч санхүүжилтийг нь шийдвэрлээд байна.  
  • Тус яамны харъяа ХААДС нь нийтдээ 7 байршилд 186.0 мянган тонн хүнсний буудай хадгалах хүчин чадал бүхий элеватортой. Өнөөдрийн байдлаар 43.0 мянган тонн хүнсний буудайн үлдэгдтэй байгаа бөгөөд бусад элеваторын засвар үйлчилгээг хийлгэж буудай хүлээн авах бэлтгэлийг хангаж байгаагийн зэрэгцээ зарим элеваторуудыг гурилын үйлдвэрүүд түрээсээр ашиглуулах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

     
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 8 дугаар сарын сүүлч, 9 дүгээр сарын дунд 10 хоногийн эцсээр тариалангийн бүс нутгаар хур тунадас нойтон цас орж цочир хүйтрэх төлөвтэй байна. Тиймээс ургацыг хүйтрэлтээс хамгаалах, техникийн бэлэн байдлыг хангах, хаягдалгүй хураах технологийг боловсруулж тариалачдад хүргэх, төмс, хүнсний ногооны борлуулалтыг дэмжих, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад холбогдох төрийн байгууллагуудын оролцоо, ажлын уялдаа холбоог ханган ажиллаж байна.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.107.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.