Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2022.08.25) нэгдсэн хуралдаан 14 цаг 15 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталлаа.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.-т "нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурав /57/-аас доошгүй ирцтэй бол түүнийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ" гэснийг онцлов.
Ингээд Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 62 гишүүнээс 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцууллаа.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаараа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн нэг дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалтай харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн зохих зүйл, хэсэгт нийцээгүй гэж үзэн хүчингүй болгосон. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн талаар олон нийтийн байр суурь янз бүр байна. Нөгөө талаар Үндсэн хууль, бусад хуулиар Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэрийн зөв, бурууг шүүх эрхтэй субъект байхгүй. Энэ нөхцөлд Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар цэцийн эцсийн шийдвэрийг Үндсэн хуулийн дагуу хэрэгжүүлэх, цаашид ийм маргаантай нөхцөл байдлыг давтуулахгүй байх зохицуулалтыг хийх нь түүний Үндсэн хуулийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага гэж үзэж байна гэж байлаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйл, Хорин тавдугаар зүйлд зааснаар төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэх онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хууль болон холбогдох хуульд заасан журмын дагуу тухайн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бүрэн эрх Монгол Улсын Их Хуралд хадгалагддаг. Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоол эрх зүй, хуулийн хэрэглээний практикт өмнө нь гарч байгаагүй нөхцөл байдал үүсгэсэн. Мөн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хэлэлцэх, өөрчлөлтийн уг эхийг нотлон баталгаажуулах, Үндсэн хуульд кодификац хийх албан ёсны эрх болгон хадгалах, хэвлэн нийтлэхэд хуулийн зарим зохицуулалт хийх шаардлага гарсан тул дээрх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд холбогдох хуулийн төслүүдийг УИХ 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталсан. Эдгээр хуулиудыг баримтлан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн нэг дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн нэг дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1.1-д заасан бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Н.Энхболд миний бие 62 гишүүний хамтаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлсэн гэв.
Мөн тэрбээр, Үндсэн хууль нь тухайн улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлж, төрийн байгууллын үндсийг тогтоосон эв нэгдлийн гэрээ, улс төр - эрх зүйн тулгуур баримт бичиг болдог билээ. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд заасан “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ", Хорьдугаар зүйлд "Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална." гэсэн Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, парламентын ардчиллыг бэхжүүлэх зорилгод нийцүүлэн энэ хуулийн төслийг боловсруулсан. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг ийнхүү эцэслэн баталгаажуулах нь Үндсэн хууль, бусад хуулийг зөвхөн Монгол Улсын Их Хурал баталж байх бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа явдал гэж хууль санаачлагч үзэж байна гэлээ.
Үргэлжлүүлэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат танилцуулсан.
Тэрбээр санал, дүгнэлтдээ, Байнгын хороо 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцэж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг нэг дэх хэлэлцүүлэгт бэлтгэснийг онцлоод Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу зүйл, хэсэг, заалт тус бүрээр нийт 2 санал хураахад тус бүр Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй буюу 92.9 хувь нь дэмжсэн гэж байлаа.
Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, С.Ганбаатар, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, санал хэлсний дараа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д заасны дагуу “Нэгдсэн хуралдаан Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар санал хураан шийдвэрлэнэ” гэсний дагуу хэлэлцлээ.
Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр санал хураалт явуулахад, УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй буюу 96,8 хувь нь дэмжив.
Иймд хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлж, чуулганы хуралдаан түр завсарласан.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр үргэлжиллээ.
Энэ талаарх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат танилцуулав.
Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснийг онцлоод Байнгын хороо 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан журмын дагуу хоер дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэж байлаа.
Байнгын хороо төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үед Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлээгүйг тодотгоод Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.9 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн саналыг нэгтгэж, эцсийн хувилбарыг бэлтгэснийг Ж.Мөнхбат гишүүн танилцуулгадаа онцолсон.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл үг хэлсний дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг бүхэлд нь батлая гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний гурваас доошгүй буюу 98.4 хувь нь дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
13 цаг 51 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
13 цаг 51 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин