Улсын комиссын хуралдаан завсарлах үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнхтэй цөөн хором ярилцлаа.
-Их ажлын ард амжилттай гарсан сэтгэгдлээс тань хуваалцъя?
-Юуны түрүүнд үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх түүхэн бүтээн байгуулалт, өргөтгөлийн ажлыг удирдаж зохион байгуулсан, барилгын ажлыг гүйцэтгэсэн, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж авчирсан, угсралт тохируулга дээр ажилласан бүх хүмүүст чин сэтгэлийн талархал дэвшүүлж, баяр хүргэе. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг 6 сая тонноор нэмэгдүүлэх Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажил хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж дууслаа. Одоо Улсын комисс ажиллаж байна. Ажлын гүйцэтгэлийн явцад төрийн хяналтын байгууллагын мэргэжилтнүүд, Улсын байцаагч нартай хамтарч ажиллаж байсан. Далд ажлын үед газар дээр үзэж танилцаад акт тавьж, болж байна гэсэн дүгнэлт өгснөөр дараагийн ажил руугаа орж явдаг байсан болохоор Улсын комисс ажиллахад их дөхөм байгаа болов уу. Цаг хугацаа ч хэмнэх байх. Бичиг баримтын бүрдэл бүрэн цэгцтэй хийгдсэн.
-Цар тахлын нөхцөл байдал өргөтгөлийн ажилд хэр зэрэг нөлөөлсөн бэ?
-Цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэй үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагаа доголдох, зогсох, бараа материалуудаа татан авахад тээвэр ложистикийн асуудал, хил гаалийн хүндрэл, сэлбэг, бараа материалуудын үнийн огцом өсөлт гээд олон асуудал тулгарсан. Гэсэн ч анх байгуулсан гэрээнийхээ нөхцөлийг хэвээр хадгалж, яам, тамгын газар, Улсын онцгой комиссын дэмжлэгтэйгээр төслөө амжилттай хэрэгжүүллээ. Техник, технологийн дэвшил, дэлхийн брендүүдийг үйлдвэртээ суурилуулж чадлаа.
-Өөрөө нунтаглах хэсгийн шинэ шугам ашиглалтад орсноор ямар боломжууд нээгдэж байгаа вэ?
-Эрдэнэт үйлдвэрийн тэр дундаа Баяжуулах үйлдвэрийн хүдэр боловсруулах хүчин чадал жилд 6 сая тонноор нэмэгдэж байна. Үүнийг дагаад баяжмалын гарц 100 мянган тонноор нэмэгдэнэ. Мөн үүнийг дагаад борлуулалтын орлого жилд 200 орчим сая доллараар өснө. Энэ хэрээр улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх мөнгө нэмэгдэнэ. Хүмүүс буурал уулаа хурдан ухаж дуусгах гээд байгаа юм уу гэдэг. Тийм биш. Бид эрдэс баялгийн нөөц өсгөх төслийг амжилттай хэрэгжүүлж, үйлдвэрийнхээ насжилтыг уртасгасан. Цаашид ч нэмэгдүүлээд явна. Ирээдүйд үүсэх хүндрэл бэрхшээлээс урьдчилан сэргийлэх тооцооллоор үйлдвэрийн өргөтгөл шинэчлэлийн ажлыг үе шаттай байнга хэрэгжүүлэх ёстой. Үүний тулд зөвхөн хүдэр боловсруулалт, уурхайн ажлыг нэмэгдүүлэх бус, цахилгаан болон усан хангамжийн ажлууд, хаягдал хураах сангийн цогц асуудал бүгд хоорондоо уялдаатай явах учиртай. Бид усан хангамжийнхаа асуудлыг өнгөрсөн жил шийдэж, Улсын комисст хүлээлгэн өгсөн. Цахилгаан хангамжийн асуудал шийдэгдэж байна. Хүдэр боловсруулалтаа нэмэгдүүллээ. Одоо Хаягдлын аж ахуйн өргөтгөл шинэчлэлийг орчин үеийн дэвшилтэт технологид тулгуурлан хийнэ. Үүнтэй холбоотой техник эдийн засгийн үндэслэлүүдээ боловсруулаад батлаад авчихлаа. Ингээд цаашид үйлдвэрийн маань өргөтгөл шинэчлэлийн ажлууд үргэлжлээд явна. Үр дүнд нь үйлдвэрийн маань ажиллах хугацаа нэмэгдэнэ. Үйлдвэрлэлийн өөрийн өртөг буурна. Найдварт ажиллагаа сайжирна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чанар дээшилнэ. Өрсөлдөх чадвар өсөн нэмэгдэх боломж бүрдэх юм.
-Шаардлагатай боловсон хүчнийг өнгөрсөн гуравдугаар сараас бэлтгэж эхэлсэн. Энэхүү өргөтгөл ашиглалтад орсноор хичнээн ажлын байр шинээр бий болж байна?
-68 ажлын байр шинээр нэмэгдэж байгаа. Бид дотоод нөөц бололцоогоороо ажлын байрыг нягтруулах арга хэмжээ авч 18 ажлын байрыг дотоодоосоо хангасан. 50 ажилчныг шинээр авч, гуравдугаар сараас өнөөдрийг хүртэл сургаж, ажлын байран дээр нь дадлагажуулан бэлтгэлээ. Шинэ ажилтнууд маань сайн ажиллаж байгаад баяртай байна. Техник, технологийн шинэчлэлийн гол үр дүн хүний хүчин зүйлээс хамаардаг. Тиймээс хүний хөгжил хүдрийн үл тасрах хурдаас хоцрох ёсгүй. Бүр өмнө нь явах ёстой.
-Баярлалаа.
-
12 цаг 52 мин
-
Өчигдөр 19 цаг 26 мин
-
Өчигдөр 16 цаг 29 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 12 цаг 52 мин
-
12 цаг 52 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 19 цаг 26 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин