Олон улсын стандартад нийцсэн сагсан бөмбөгийн талбайтай боллоо
Үйл явдал
/
2022-08-30
Тус ангийн алба хаагчид сагсан бөмбөгийн талбай тохижуулах төсөл боловсруулан байгууллагууд руу хамтран ажиллах хүсэлт илгээж, Монголын сагсан бөмбөгийн холбоо дэмжлэг үзүүлэхээр болжээ. Үүний дагуу олон улсын стандартад нийцсэн сагсан бөмбөгийн талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэн өнөөдөр /2022.08.29/ танилцууллаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих ангийн дарга, хурандаа Б.Тамир “Хоригдлыг нийгэмшүүлэх ажлын чиглэлээр манайд олон ажил, арга хэмжээ зохион байгуулдаг. Тухайлбал, эрүүл мэнд, сэтгэл зүй, сургалт, үйлдвэрлэлийн чиглэлээр тасралтгүй ажлууд явагддаг бөгөөд нийтийн биеийн тамирыг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хоригдлын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлж, шинэ талбайг тохижуулахад дэмжлэг үзүүлсэнд баяртай байна” гээд Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал, медиа хариуцсан ажилтан Д.Лхагва-Очир нарт талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардууллаа.

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал “Сүүлийн жилүүдэд Сагсан бөмбөгийн 3x3 төрөлд монгол тамирчид өндөр амжилт гаргаж байна. Энэ цаг үед тус спортыг хөгжүүлэх үйлсийг дэлгэрүүлж, тохижилтын ажлыг сэтгэл гарган хийсэнд баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, байгууллагууд спортын танхим, бялдаржуулах өрөө, бясалгалын танхимтай бөгөөд тус ангийн сагсан бөмбөгийн талбай олон улсын стандартад нийцсэн гэдгээрээ онцлог болж байгаа юм.  


Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.30.137)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.