Салхитын уурхайн хаалтын төсөл, жишиг стандартыг бий болгоно
Үйл явдал
/
2022-08-31

Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг эрт төлөвлөж хэрэгжүүлэх нь уурхайг хаах үеийн эрсдэл болон зардлыг бууруулдаг сайн талтайг холбогдох мэргэжилтнүүд байнга анхааруулдаг.

Канад улсын Гадаад Хэргийн яамнаас санхүүжүүлж буй  “Монгол улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь”  /МЕRIT/ төсөл, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн хариуцан хэрэгжүүлж буй  “Салхитын ордын Хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг  төсөл”- ийн гол зорилго ч үүнд ч чиглэж байна. Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах төслийн II үе шатны хэрэгжилт, цаашид хийгдэх ажлын стратегийг хэлэлцэн, Салхитын уурхайд хийсэн хээрийн судалгааны ажлын үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг  өнөөдөр “Блю Скай” зочид буудалд болж өндөрлөв.

Хэлэлцүүлэгт  CESO суурин төлөөлөгч Женнифер Адамс, MERIT төслийн захирал Р. Алтангэрэл, төслийн оролцогч талуудтай харилцах, техникийн зөвлөх  Р. Эрдэнэчимэг, “Си Пи Пи Энвайронмэнтал” корпорацийн ерөнхийлөгч Майк Посентэ болон   УУХҮЯ, БОАЖЯ, АМГТГ, Усны газар, МХЕГ, Дундговь аймгийн ЗДТГ, Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Гурвансайхан сумын ЗДТГ, ИТХ, Чулуут багийн нийтийн хурлын төлөөлөл оролцож, илтгэл тавилаа.

Уг жишиг төслийн нэгдүгээр үе шат 2021 оны есдүгээр сараас 2022 оны дөрөвдүгээр сарын хооронд хэрэгжихдээ эрх зүйн орчны шинжилгээ, байгаль орчны төлөв байдлын судалгаа, эрсдэлийн үнэлгээ зэрэг суурь судалгаа болон уурхайн  хаалтын зорилго, зорилтыг талуудын оролцоотой боловсруулах ажлыг хийжээ.

Төслийн хоёрдугаар үе шат энэ оны зургаадугаар  сараас эхэлжээ. Канад болон олон улсын шилдэг туршлагыг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нэвтрүүлэх, хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах,үндэсний зөвлөхүүдийн багийг /салбар бүрийн мэргэжилтнүүдээс бүрдсэн техникийн баг/ сонгон шалгаруулах  ажлыг хийгээд байна. Уул уурхайн  аливаа төслийг хэрэгжүүлэхдээ орон нутгийн иргэдэд  тухайн төслийн ач холбогдол, зорилгын талаар мэдээлж, оролцогч талуудын хамтын ойлголцлыг бий болгох нь хамгийн чухал ажлын нэг байдаг.

“Салхитын ордын хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах  жишиг төсөл”-ийн хоёрдугаар үе шатанд УУХҮЯ, БОАЖЯ, МХЕГ, Усны газар, АМГТГ, Дундговь аймаг болон Гурвансайхан сумын удирдлага, нутгийн иргэд зэрэг оролцогч талуудын уулзалтыг сар тутам зохион байгуулж,  төслийн явц, үр дүнгээ танилцуулан, санал авч хаалтын төлөвлөгөөндөө тусгах юм байна. Уг төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад уурхайн хаалтын төлөвлөлт хийх стандарт жишиг бий болох сайн талтай гэж УУХҮЯ үзэж байна.

Эх сурвалж: Mongolianminingjournal.com сэтгүүлч Ж.Мөнхцэцэг

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.122.69)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.