П.ОЮУНДАЛАЙ: Сургуулиа төгсөөд 7 хонолгүй ажилд орсондоо өөрийгөө маш их азтай гэж боддог
Үйл явдал
/
2022-09-10
Намайг Пүрэвжавын Оюундалай гэдэг. Би ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийг Цахилгаан хангамжийн инженер мэргэжлээр 2022 онд төгссөн. Одоо Багануур ХК-ийн Эрчим хүчний нэгдсэн хэсэгт уулын дэд станцын техникчээр ажилладаг. Жинхлээд хагас сар болж байна. Дипломоо гардаж авсан өдрийнхөө маргааш нь уурхайдаа анкет бөглөсөн. Яагаад гэвэл Багануур ХК миний мэргэжлээр нээлттэй ажлын байр зарласан байсан юм. Анкет авах сүүлийн өдөр нь байсан учир амжихын тулд наашаа оройдоо ирсээн. Тэгээд л 3 хоногийн дараа сонгон шалгаруулалтанд орж мэргэжлийн шалгалт өгч, ярилцлаганд ороод тэнцсэн. Ер нь бол сургуулиа төгсөөд 7 хонолгүй ажилд орсондоо өөрийгөө маш их азтай гэж боддог.
Уурхайчид бүгдээрээ найрсаг, нөхөрсөг хүмүүс байдаг юм шиг санагдсан.
Шалган нэвтрүүлэх байраар орохоос эхлээд бүгд хоорондоо инээмсэглэж мэндэлсэн сайхан хүмүүс. Миний ажиллаж буй Эрчим хүчний нэгдсэн хэсгийн хамт олон үнэхээр мундаг.
Дагалдангийн хугацаанд наад захын жижиг зүйлийг хүртэл нарийвчлан зааж өгч, өөрсдийн мэддэг чаддаг бүхнээ харамгүй зааж, алхам бүртээ уйгагүй дагуулж явж сургаж байна.
Техникчийн ажил маш өндөр хариуцлага шаарддаг, ямар нэг эрсдэл гаргахгүйн тулд байнгын өндөр хяналттай байх ёстой ажлын байр.
Тиймээс их хичээж байгаа. Уурхайд ажилд орсноос хойш хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй бол нэг номерт тавигддаг асуудал гэдгийг мэдэрсэн. Ажил дээр гараад өөрийн мэргэжлийн чиглэлээр бусдаас суралцахаас гадна нэн түрүүнд ХАБЭА-н мэдлэгээ сайжруулах нь чухал санадсан тул дүрэм журмуудыг ихээр уншиж судлаж байна.
Би яагаад Багануурын уурхайд ажиллахыг хүссэн бэ гэхээр энэ уурхай Монгол улсдаа хамгийн ээлтэй уурхай гэж бодсон. Яагаад гэвэл баялагаа эрчим хүч болгоод буцаагаад Монголын ард түмэндээ илч дулаан, гэрэл цахилгаан болгон дотооддоо үлдээж байна шүү дээ. Бас нэг сайхан зүйл нь ажилтнуудаа мэргэжлийн чиглэлээр цаашид сурч хөгжихөд нь их анхаардаг юм билээ. Манай хэсэгт л гэхэд цахилгаанчид, инженер техникийн ажилтнуудын ихэнх нь ажиллангаа магисртаа суралцаж төгссөн байсан.
Одоо бодоход их дээд сургуульд суралцаж байхдаа мэргэжлийнхээ 10-20 хувийг ажил дээр гараад үлдсэн 80-90 хувийг сурдаг юм шиг санагдаж байгаа. Тиймээс үеийн залуучууддаа сургуулиа төгсөөд л шууд ажлын байранд гарч мэргэжлийн чиглэлээрээ хөгжих нь чухал юм байна шүү гэж хэлмээр байна. Монгол улсын маань ирээдүйн хөгжил өнөөдрийн залуус биднээс хамаарна шүү дээ. Ингээд Монголын бүх залуучууддаа залуучуудын өдрийн мэнд хүргэж амжилт хүсье.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.48.72)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.