Г.Занданшатар: Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагааг чанартай, хүртээмжтэй болгоно
Үйл явдал
/
2022-09-11

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.09.09) Дэлхийн банкны БНХАУ, Монгол Улс, БНСУ-ыг хариуцсан захирал хатагтай Мара Уорвик тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад төдийгүй Зүүн Азийн орнуудад ажиллаж байсан арвин туршлагатай хатагтай Мара Уорвик-ийг Дэлхийн банкны БНХАУ, Монгол Улс, БНСУ-ыг хариуцсан захирлаар томилогдсонд баяр хүргэж, бидний хамтын ажиллагаа үр дүнтэй байх болно гэдэгт итгэлтэй байна гэв. Мөн Монгол Улс КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад Дэлхийн банк шуурхай ажиллаж, дэмжлэг үзүүлсэн нь цаг үеэ олсон арга хэмжээ болсныг онцолж, талархал илэрхийлэв.

700

Тэрбээр, Дэлхийн Банк Групп Монгол Улстай 2021-2025 онд хамтран хэрэгжүүлэх “Түншлэлийн шинэ хүрээ” нь "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой нягт уялдаж байгааг тэмдэглэв. Сүүлийн хоёр жилийн хугацаанд КОВИД-19 цар тахал, дэлхийн улс төрийн нөхцөл байдал, хилийн боомт зэрэг гадны хүчин зүйлс Монголын эдийн засаг, тэр дундаа манай гадаад валютын нөөц, төлбөрийн тэнцэлд ихээхэн нөлөөлж байна. Эдгээр сорилтуудыг даван туулахын тулд бид Дэлхийн банктай нягт холбоотой ажиллахыг эрмэлзэж байна. Мөн хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааг үр дүнд суурилсан санхүүжилтийн арга хэлбэрийг нэвтрүүлэн ажилгүйдлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна гэв.

700

Хатагтай Мара Уорвик Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж багаад талархал илэрхийлээд Монгол Улсад дахин ажиллах болсондоо туйлын баяртай байна гэв. Тэрбээр хэлэхдээ, Дэлхийн банк Монгол Улсын хамгийн сайн түнш нь байж, тус улсад хамгийн үр өгөөжтэй дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Иймд миний бие тулгамдаж буй сорилт, бэрхшээлийг судлахаар Монгол Улсад ажиллахаар хүрэлцэн ирсэн. "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, мөн “Шинэ сэргэлтийн бодлого” гарсантай холбогдуулан бидний зүгээс ямар оролцоо, дэмжлэг үзүүлэх боломжтой талаар судалж байна. Мөн Монгол Улсад ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдээс хоёрыг онцлоход, Дэлхийн банкны Захирлуудын зөвлөлөөс Тээвэр логистик болон Ухаалаг засаг гэсэн хоёр төслийг баталсан. Иймд ирэх намрын чуулганаар уг асуудлуудыг хэлэлцэн батлахад Улсын Их Хурлын даргыг дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүсье гэв.

Үндэсний үйлдвэрлэл болон экспортыг дэмжих, мөн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт чиглүүлж, халамжаас илүү хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц бодлогын хүрээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, мэргэжлийн боловсрол сургалтын төвүүдийн үйл ажиллагааг дэлхийн чиг хандлагад нийцүүлэхэд хамтран ажиллах, мөн Монгол Улсын гадаад өрийн хэмжээ өндөр байгаа тул өгөөж багатай зээл авч, өр тавихгүй байх бодлогыг барьж байгаагаа Улсын Их Хурлын дарга яриандаа онцлов.

700

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев, Олон Улсын Санхүүгийн Корпорацийн суурин төлөөлөгч Руфат Алмариданов болон албаны бусад хүмүүс байлцав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.195.4)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.