БНЭУ-аас Монгол улсад суугаа элчин сайдтай уулзлаа
Үйл явдал
/
2022-09-11

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён П.М.Сингхийг 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч уулзаж, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн талаар санал, мэдээлэл солилцлоо. Төслийг хэрэгжүүлэхэд идэвх, санаачилгатай ажиллаж байгаа БНЭУ-ын Засгийн газар болон Элчин сайдад талархаж байгаагаа сайд Ж.Ганбаатар уулзалтын эхэнд цохон тэмдэглэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй уг төслийн нэгдүгээр багц /ЕРС-01/-ын ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй, дараагийн багцуудын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил ид явагдаж байна. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд хоёр орны Засгийн газар болон төрийн байгууллагууд өндөр ач холбогдол өгч, бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллаж буй нь төслийг амжилттай хэрэгжүүлэх чухал нөхцөл болохыг талууд уулзалтын үеэр дурдав. Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахал болон бусад нөхцөл байдал нь сорилт болж байгаа ч төслийг төлөвлөсөн хугацаанд амжилттай дуусгахад хоёр тал хүчин чармайлт, зүтгэл гаргаж хамтран ажиллахаа илэрхийллээ.

Элчин сайд Сингхийг энэ сарын 19-ний өдрөөс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдах “Уул уурхайн 7 хоног” чуулга уулзалт, үзэсгэлэнд оролцохыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар урилаа.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.249.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.