“НОМЫН САЙН НӨХӨР” уулзалт, ярилцлага боллоо
Үйл явдал
/
2022-09-13
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.09.12) ЕБС-ийн сурагчид болон оюутан залуустай МУИС-ийн Эрдмийн танхимд “Илүү их уншья” уриан дор “НОМЫН САЙН НӨХӨР” уулзалт, ярилцлага хийлээ.

 

Уулзалтад МУИС-ийн түүхийн тэнхим, нийтийн удирдлага болон олон улсын харилцааны чиглэлээр суралцдаг 70 гаруй оюутан залуус, ЕБС-ийн сурагчдын 30 гаруй төлөөлөл байлцлав. УИХ-ын дарга Г.Занданшатар, өдөр бүр 5 хуудас уншиж хэвших нь хүний амьдралын чанарт хэмжээлшгүй нөлөөллийг бий болгодог тухай оюутан сурагчдад зөвлөж, ном уншиж хэвшсэн туршлагаасаа хуваалцав. Мөн бага залуугаасаа өдөр бүр уншдаг хэвшлийг өөрсдөдөө суулгаж, ном уншихын ач тусын тухай ойлголтыг эргэн тойрон, найз нөхөд, үеийн тэнгийнхэндээ өгч, зөв үлгэрлэх ёстойг хэлж байв.

 

700

Уулзалтын үеэр есдүгээр сарын 16-наас 18-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болох 32 дахь удаагийн “Номын баяр”-ын тухай танилцуулан, оюутан залуусыг номд шамдахыг уриаллаа. Жил бүр зохиогддог номын баярын тухайд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гараг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон билээ.  

700

УИХ-ын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор болдог уг арга хэмжээг энэ жил “Илүү их уншъя” уриан дор тэмдэглэх юм.  

Сурагч, оюутнуудтай хийсэн уулзалтын үеэр яригдсан нэг чухал сэдэв нь “Технологийн 4-р хувьсгал”-ын тухай байв. Уг хувьсгал нь хүн төрөлхтний боловсрол олж авах уламжлалт загварчлалыг үндсээр нь өөрчилж буйг сануулж, хүссэн номоо уншиж бас суралцах боломжтой болсон тухай тэрбээр хэлэв. Гагцхүү чанартай, зөв эх сурвалжийг заалгахад хөтөч, багш хэрэгтэй байхын чухлыг онцоллоо. Боловсролын салбарт бий болсон энэ дэвшлийн үрээр ямар ч орон үсрэнгүй хөгжлийн загварыг хэрэгжүүлэх боломж бий болсон тухай тайлбарлав. Өнөөдөр залуучуудын дунд зөвхөн нэг мэргэжил эзэмшээд зогсохгүй хэд хэдэн мэргэжлээр зэрэг суралцдаг соёл нэвтэрч буйг оюутнуудад зөвлөлөө. Тухайлбал компьютерын шинжлэх ухаанаар суралцдаг хэр нь статистикийн чиглэлээр давхар мэргэжил эзэмшсэн Монгол оюутан бол үүний жишээ юм гэлээ. Ингэж чанартай боловсрол олж авах зам нь ном сайн уншихаас эхэлнэ гэв.

700

УИХ-ын дарга Г.Занданшатар, хууль тогтоох үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоог хангах, олон нийт засаглах эрхээ эдлэх боломжийг нээж буй цахим платформ болох d.parliament.mn сайт, d-parliament” апликэйшний тухай танилцуулав.  Энэ цахим талбараар дамжуулан УИХ-аар  хэлэлцэж буй хуулийн төсөлд саналаа өгч, идэвхтэй оролцохыг уриаллаа. Сонирхсон хэн бүхэн энэхүү системээр дамжуулан засаглах эрхээ эдлэх боломжийг нээж өгч байгааг онцлов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.231.197)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.