Уурхайн хаалт өөрийгөө тэтгэх экосистем
Үйл явдал
/
2022-09-15

Олон нийт уул уурхайг эергээр биш эсрэг харах болсон нэг шалтгаан нь яах аргагүй уул уурхайн нөхөн сэргээлтийн асуудал. Онгон дагшин байгалийн өнгө үзэмж төгс төрсөн нутаг нь ашиглалтын тусгай зөвшөөрлөөс болж овоолсон шороо, онгорхой нүхтэй үлдсэнийг харах хэнд таатай байхав дээ. Эсэргүүцэгчийн эгнээ л нэгээр нэмэгдэх нь тодорхой. Гэхдээ өнөөдөр хариуцлагагүй уул уурхайгаас үлдсэн гашуун дурсамжаа засаад цааш алхахыг өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал биднээс шаардаж байгаа. Энэ гашуун дурсамж бидэнд уурхайг нээх үедээ дараагийн алхам болох хаалтыг эртнээс төлөвлөж, системтэйгээр ажиллахыг сургамж болгон үлдээж.

Хаагдсан уурхайн нөхөн сэргээлтийг амжилттай хийсэн олон жишээ дэлхий нийтэд бий. Польшийн Величкагийн давсны уурхай гэхэд тус улсын аялал жуулчлалын гол үзмэрүүдийн нэг. Дундад зууны үед баригдсан давсны энэ уурхай нь өвөрмөц газар доорх цогцолбор болж, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн. Мөн давсны үйлдвэрийн музей ч энд бий.

Канад, Австрали зэрэг орнууд уурхайн хаалт нөхөн сэргээлтийг амжилттай хийдгээрээ дэлхийд жишиг болсон улсууд. Канадад нөхөн сэргээлтийн төлөвлөлтийг хийхдээ уурхай эхлэхээс өмнөх орчинтой дүйцэхүйц, арчилгаа тордлогоо бага, өөрийгөө тэтгэх экосистем бүрдүүлэхийг гол зорилгоо болгон ажилладаг байна.

Канадад төсөл хэрэгжүүлэгчийн уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө нь:

• Ургамалжуулах ажлын төлөвлөгөө

• Ойн нөөцийг сэргээх төлөвлөгөө

• Ус, намгархаг газрыг нөхөн сэргээх төлөвлөгөө

• Биологийн төрөл зүйлийг хамгаалах төлөвлөгөө гэсэн бүрдэл хэсгүүдтэй байдаг.

Уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөөг эртнээс төлөвлөн, ирэх 5 жилд хийгдэх ажлыг тусгаж, нөхөн сэргээлтийн нарийвчилсан төлөвлөгөөг 3 жил тутам шинэчлэн батлуулдаг байна. Шимт хөрсний хуулалт, овоолгын байршил гэх мэт тухайн жилийн шимт хөрсний менежментийн төлөвлөгөөг жил бүр батлуулна. Уурхайн онцлогоос хамааран ус намгархаг газрын судалгаа хийх, ус намгархаг газрын мониторингийн хөтөлбөр, усны шувуу хамгаалах зэрэг дэд төлөвлөгөөнүүдийг мөн батлуулдаг аж.

Ийнхүү системтэй, үе шаттайгаар ажиллах нь уурхайн хаалт үр дүнтэй болоход голлон нөлөөлдөг аж. Канад улсын Гадаад хэргийн яамнаас санхүүжүүлж буй “Монгол улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь” /MЕRIT/ төсөл, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн хариуцан хэрэгжүүлж буй “Салхитын ордын хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төсөл”- ийн гол зорилго уг уурхайн хаалтыг амжилттай хийж, өөрийн гэсэн жишиг стандартыг бий болгох юм.

Уг төсөл хэрэгжсэнээр Монгол улсад уурхайн хаалтын төлөвлөлт хийх стандарт жишиг бий болох сайн талтай гэж УУХҮЯ үзэж байна. Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах төслийн II үе шатны хэрэгжилт, цаашид хийх ажлаа хэлэлцэн, салхитын уурхайд хийсэн хээрийн судалгааны ажлын үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг “Блю Скай” зочид буудалд 8 дугаар сарын 26-нд боллоо.

Хэлэлцүүлэгт CESO суурин төлөөлөгч Женнифер Адамс, MERIT төслийн захирал Р.Алтангэрэл, төслийн оролцогч талуудтай харилцах, техникийн зөвлөх Р. Эрдэнэчимэг, “Си Пи Пи Энвайронмэнтал” корпорацын Ерөнхийлөгч Майк Посентэ болон УУХҮЯ, БОАЖЯ, АМГТГ, Усны газар, МХЕГ, Дундговь аймгийн ЗДТГ, Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Гурвансайхан сумын ЗДТГ, ИТХ, Чулуут багийн нийтийн хурлын төлөөлөл оролцож, санал бодлоо хэлж харилцан ярилцсан юм.

Уг жишиг төслийн нэгдүгээр үе шат 2021 оны есдүгээр сараас 2022 оны дөрөвдүгээр сарын хооронд хэрэгжихдээ эрх зүйн орчны шинжилгээ, байгаль орчны төлөв байдлын судалгаа, эрсдэлийн үнэлгээ зэрэг суурь судалгаа болон уурхайн хаалтын зорилго, зорилтыг талуудын оролцоотой боловсруулах ажлыг хийжээ. Харин хоёрдугаар үе шат энэ оны зургаадугаар сард эхэлсэн. Канад болон олон улсын шилдэг туршлагыг Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн нэвтрүүлэх, хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах, үндэсний зөвлөхүүдийн багийг /салбар бүрийн мэргэжилтнүүдээс бүрдсэн техникийн баг/ сонгон шалгаруулах ажлыг хийжээ.

Уул уурхайн аливаа төслийг хэрэгжүүлэхдээ орон нутгийн иргэдэд тухайн төслийн ач холбогдол, зорилгын талаар мэдээлж, оролцогч талуудын хамтын ойлголцлыг бий болгох нь хамгийн чухал. УУХҮЯ, БОАЖЯ, МХЕГ, Усны газар, АМГТГ, Дундговь аймаг болон Гурвансайхан сумын удирдлага, нутгийн иргэд зэрэг оролцогч талуудын уулзалтыг сар тутам зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ уулзалтаар төслийн явц, үр дүнг танилцуулан, оролцогчдын санал авч, хаалтын төлөвлөгөөндөө тусгах юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.218.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.