Уншъя, Нисье!
Үйл явдал
/
2022-09-15

Бүх цаг үеийн хамгийн алдартай зохиолуудын нэг болох Бяцхан хунтайж-ийг зохиосон хүн нь мэргэжлийн нисгэгч байжээ. Антуан Де Сэнт-Экзюпери гэгч. Зохиол элсэн цөлд онгоц нь сүйрсэн нэгэн хүний тухай, тэнд тэрээр хорвоо ертөнцийн гараг эрхэс дээр зорчин яваа учир битүүлэг баатартай танилцаж буй тухай өгүүлнэ. Бяцхан хунтайж сансраар хэрэн хэсүүчилсэн аяллынхаа тухай төдийгүй, бас бусад гараг эрхсийн ганцаардмал оршин суугчтай учрахдаа юу сурснаа хуваалцана:

...“Бидний хувьд амин чухал тэр зүйлийг нүдээр харах боломжгүй, зөвхөн зүрх сэтгэлээрээ л харж болдог.”

Нисгэгч хүний бичсэн зохиол дэлхий нийтийг хуйлруулан дагуулж чадсан нь зүгээр тохиолдлын хэрэг байсан уу? Магадгүй тийм ч байж болно. Гэсэн ч унших - нисэхийн хооронд тохиолдлын гэж боломгүй, гүнзгий учир утга бүхий холбоос байдаг гэж үзэх үндэслэл бий юм.

 

Нисэх гэдэг хүн төрөлхтний хувьд адал явдлын бэлгэдэл байсаар ирсэн түүхтэй. Энэ нь НТӨ нэгдүгээр зуунд бичигдсэн Овидын ‘Икар’ домгоос эхэлсэн ч юм биш, бас хорьдугаар зуунд мөн л мэргэжлийн нисгэгч хүний туурвисан Ричард Бахын Жонатан Ливингстон хэмээх Цахлай-гаар ч төгсөөгүй гэж итгэлтэй хэлж болно. Бидэнд нисэх мөрөөдөл үргэлж л байсаар ирсэн, үүрд байх ч болно. Учир нь энэ бол хөгжил дэвшлийн бэлгэдэл: байгалиас өгөгдсөн хил заагийг давж хүмүүний амьдрал дахь шинэ орон зайг нээж олох явдал. Тиймээс ч энэ нь ном унших, бас бичихтэй нягт холбоотой хэмээн үзэж байгаа юм.

Номыг нисдэг машинтай зүйрлэж болно.

Энэ нь биднийг дээш өндийлгөж, өргөж, өмнө нь хэзээ ч төсөөлөгдөх аргагүй байсан бүхнийг боломжтой болгодог нээлт, ололт юм.

 700

Ном танд астрофизикээс эхлэн анагаах ухааныг, яаж амьдрах, хайрлахыг, бас сул талыг хэрхэн давуу тал болгох тухай харуулна. Ном таныг өмнөх бетон хананаас чинь чинагш тэртээд харагдах уулс, тэнгэрийн хаяанаас цаадахыг ч харж чаддаг болгоно. Ном таныг орон зайгаар төдийгүй, цаг хугацаагаар аялуулах болно. Ном танд энэ хорвоо дэлхий хэчнээн агуу уудам болохыг, бас хувь хүний боломж бололцоо хэр их болохыг харуулж чадна.

Иймээс, манай хамт олон энэхүү номын баярт, унших болоод нисэх хоорондын энэхүү холбоосноос эхтэй “Уншъя, Нисье!” хэмээх уриатай оролцож байгаа юм.

Цаг үе хүндхэн байна. Бидний олонх өдөр тутмынхаа асуудлаас хальж, өнөөдрөөсөө цааших ирээдүй рүү харах сэхээгүй, боломжгүй байгаа нь ч үнэн билээ. Хоол хүнсний үнэ нэмэгдэхийн хэрээр ном зохиол, боловсрол ч илүү үнэтэй болж байна. Ирээдүй тодорхойгүй, бүүдгэрийн улмаас хувь хүн өөрийн болоод гэр бүлийнхээ ирээдүйг эх нутагтаа төлөвлөж, төвхнүүлнэ гэдэг эр зориг шаардсан хэрэг болж ирлээ.

700

Тэгэхээр, чухамдаа энэ хүнд хэцүү цаг үед, гарц шийдэл хайх, шинийг эрэлхийлэх, аливааг бодож эргэцүүлж, оюун ухаанаа дайчлан чөлөөтэй сэтгэх, хамгийн гол нь боловсролоо дээшлүүлэх нь хувь хүн бүрийн төдийгүй, нийгмийн ч хувьд анхаарах учиртай амин чухал шаардлага болжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.8.2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.