ОРОС, УКРАИНЫ дайны “ЯЛАГЧ” хэн бэ?
Үйл явдал
/
2022-09-18
Дэлхийн “Гуравдугаар дайн” гэгдэж буй ОРОС, УКРАИН улсуудын мөргөлдөөн хэрхэн явагдаж байна вэ?

ОХУ-аас өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд Украины нийслэл Киев хотыг бүслэн довтолсон. Тухайлбал тус улсын өмнөд, зүүн, хойд хэсгүүдэд халдлага үйлдсэн. Улмаар дөрөвдүгээр сарын эхээр ОХУ тус шахалтаа зогсоосноос Украины арми нийслэлийнхээ томоохон газар нутгийг эргүүлсэн авсан билээ. Гэсэн ч ОХУ-аас дахин довтолгоо явуулж Украины газар нутгаас эзэлсээр байна.

ДАЙНЫ УРСГАЛ ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨВ?

Украины зүүн хойд хэсгийг эзлэх ОХУ-ын довтолгоонд Украинчууд илүүрхэж Оросын цэргүүдийг буцаалаа. Энэ сард ОХУ-ын хяналтаас 8000 гаруй км кв талбайг эргүүлэн авсан нь дайн эхэлснээс хойш хамгийн чухал газар нутгаа буцаан авсан явдал юм.

Украины есдүгээр сарын 10-нд эргүүлэн авсан гэж мэдэгдсэн Изюм, Купянск хотууд нь Оросын армийн хангамжийн гол төв байсан. Иймээс эдгээрийг буцаан авсан нь Украины хувьд стратегийн чухал ач холбогдолтой.

ОРОСУУД ХЭРХЭН ХАРИУ ӨГСӨН БЭ?

Оросууд Изюм, Купянск хотоос цэргүүдээ ухарсан гэдгийг баталсан. Гэвч эдгээр бүс нутгийг цэргийн цохилт хийлгэхээр үргэлжлүүлэн онилно гэдгээ мэдэгдсэн.

ОХУ ХЭДИЙ ХЭР ХЭМЖЭЭНИЙ ГАЗАР НУТГИЙГ ЭЗЭЛСЭН БЭ?

Дайн судлалын хүрээлэнгийн мэдээлснээр ОХУ нь Украины газар нутгийн 20 орчим хувийг эзэмшиж байгаа аж. Энэ нь зүүн Донбасс муж, Украины өмнөд хэсэг, мөн 2014 онд Оросын өөртөө нэгтгэсэн Крымийн хойг хэсэг юм.

Донбасс бүсэд голдуу орос хэлээр ярьдаг бөгөөд 2014 онд Орос Крымийг эзлэн авсны дараа Оросыг дэмжигч хүчнийхэн бус нутгийн гуравны нэгээс илүүг эзлэн авчээ. Улмаар хоёр ардын бүгд найрамдах улсыг байгуулсан байна.

Тус улсын баруун бүс нутаг дахь Львов хот пуужингийн дайралтад өртсөн ч Оросын арми газар нутгийг нь эзлэн авах гэж оролдоогүй байна.

ОРОС ЮУ ХҮСЧ БАЙНА ВЭ?

Орос улс эзлэн түрэмгийллээ дайн бус Украинд явуулж буй “тусгай цэргийн ажиллагаа” гэж нэрлээд байгаа. Кремлийн зүгээс анх тавьсан бүх зорилтоо биелүүлэх хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн.

Өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ-ын Владимир Путин хэлэхдээ “Украиныг цэрэггүй болгоно” хэмээсэн. Нөгөөтэйгүүр Украиныг барууны батлан хамгаалах холбоо болох “НАТО”-д элсүүлэхгүй байхаар зорьсон.

ОХУ-ын анхны зорилго нь Украиныг эзлэн, Засгийн газрыг нь буулгах явдал байв.

УКРАИН ЮУ ХҮСЧ БАЙНА ВЭ?

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өөрийн гол зорилго бол Оросын бүх цэргийг хөөн гаргаж, газар нутгаа бүхэлд нь хамгаалах гэж мэдэгдсэн.

Түүний зүгээс ОХУ-аас эргүүлэн авсан газар нутгаа авч үлдэхийн тулд нэмэлт санхүүжилт, тоног төхөөрөмж авах шаардлагатай байгааг онцлов. Украины хүчин барууны орнуудаас илгээсэн зэвсгүүдийг ихээр ашиглаж байгаа байна.

ХИЧНЭЭН ХҮН АМЬ ҮРЭГДСЭН БЭ?

Орос, Украин улсууд дайны улмаас аль аль нь их хэмжээний хохирол амсаад байна. Иймд одоогоор тодорхой тоо, мэдээлэл гараагүй байгаа аж.

Долдугаар сард АНУ-ын албаныхан Оросын 15 мянга орчим цэрэг амиа алдсан гэж тооцоолсон.

Украины талаас Оросын 50 мянга гаруй цэргийг устгасан гэж мэдэгдээд байгаа юм. Харин өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр мөргөлдөөн эхэлснээс хойш өөрсдийн 9000 орчим цэргийн алба хаагчаа алдсан гэв.

Харин Украины иргэдийн амь насны талаар НҮБ-ын зүгээс мэдээлэхдээ есдүгээр сарын эхээр 5700 гаруй хүн нас барсан гэж баталжээ. Гэвч энэ нь бодит тоо гэсэн үг биш. Нас барсан иргэдийн бодит тоо нилээд өндөр байх магадлалтай гэдгийг мэдээлж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.157.133)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.