ТөсБХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ
Үйл явдал
/
2024-10-25

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.10.24/  хуралдаан гишүүдийн 64 хувийн ирцтэйгээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, төсөв хооронд үе шаттай, оновчтой зохицуулалт хийх зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд олон нийтийн болон хараат бус, хөндлөнгийн хяналтыг өргөжүүлж, сахилга бат, хариуцлагыг сайжруулж, үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн, боловсруулах үйлдвэрүүдийг татварын бодлогоор дэмжих зорилгоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх төслийг дэмжих зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан гэлээ.

Мөн Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээл дэх арилжаанд оролцогчдын эрэлтийг нэмэгдүүлэх, жишиг хүүг тогтоох, хоёрдогч зах зээл дэх үнэт цаасны хөрвөх чадварыг сайжруулах зорилгоор “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх, үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах, байгаль, цаг уурын болон бусад болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг тус тус боловсруулсан хэмээв.

Хууль тогтоомжийн төслүүд батлагдсанаар бүсчилсэн хөгжлийг дэмжиж, хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөгжлийг хурдасгах хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүд цаг алдалгүй шуурхай, үр дүнтэй хэрэгжих боломж бүрдэх болно гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Засгийн газарт бонд гаргах эрхийн хэмжээ, хязгаарыг  тодорхой тогтоогүй шалтгаан,  мөн хоёр их наяд төгрөгийн төсвийн алдагдлыг хэрхэн нөхөх талаар тодруулав. 

Ажлын хэсгээс "Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг 2025 оны Төсвийн тухай хуулиар хязгаарласан. Дотоод үнэт цаасны хэмжээг 2025 оны Төсвийн тухай хуулийн 11.1-д дээд хэмжээг нь 300 тэрбум төгрөг хүртэлх арилжаална гэж заасан бол гадаад үнэт цаасны хувьд дахин санхүүжилтийн зорилгоор Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегид нийцүүлэн арилжаалж болно. Ийм хоёр хязгаарыг тавьж өгсөн" хэмээн хариулж байлаа.  

Мөн 2025 онд төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай байгаа. Энэ алдагдлыг санхүүжүүлэхээр Засгийн газраас 1.5 их наяд төгрөгийн үнэт цаас гаргана. Үүний 490 тэрбум төгрөг нь дотоод, 1.4 их наяд төгрөг нь гадаадын эх үүсвэрээс гаргах юм. Гадаадад шинээр гаргах 1.4 их наяд төгрөг нь нийслэлийн гаднаас авах бондын эх үүсвэр байгаа юм хэмээн Сангийн яамны Төсвийн нэгтгэлийн хэлтсийн дарга Э.Батмөнх хариулсан.

Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй эмнэлэг, сургууль, соёлын төвийн барилгыг барьсан аж ахуйн нэгжүүд 15-20 жилийн баталгаа гаргадаг боломж бий эсэхийг тодруулахад Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, миний хувьд салбарын сайдаар ажиллаж байхдаа Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, үлдээсэн. Төсөлд гишүүний тавьж буй саналыг тусгасан тодорхой заалтыг тусгасан. Ер нь барилгын салбарыг хариуцлагажуулах асуудал дутагдаад байгаа гэсэн нэмэлт тайлбарыг хийв.

Хуралдаан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг дэмжих эсэх асуудлаар санал хураалтыг явууллаа. Тухайлбал, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Мөн “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

 

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан, салбар харгалзахгүй боловсруулах шатны үйлдвэрийн технологийн тоног, төхөөрөмжийг гаалийн албан татвараас бүрэн чөлөөлөх, мөн бүсчилсэн хөгжлийн ялгаатай татварын асуудлыг тусгасан төслүүдийг эргэн харж, сайтар нягтлахыг гишүүдээс хүслээ. 

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.226.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.