Б.Болдсайхан эмч хорт хавдраа эмчлүүлэхээр өнөө өглөө нислээ
Үйл явдал
/
2021-01-22

"Зүрхний" гэгддэг Б.Болдсайхан эмч ходоодны хорт хавдар туссан тухайгаа өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэрбээр өнөөдөр /2021.01.22/ өглөө МИАТ-ын ачааны карго нислэгээр биеэ эмчлүүлэхээр ниссэн байна. Нислэг үйлдэхээс хэдхэн цагийн өмнө "Зүрх мартахгүй" төслийнхөө хүрээнд зүрхний ховдолын цоорхой нөхөх хагалгаагаа амжилттай хийлгээд морджээ. Түүний цахим хуудаснаа бичсэн тэмдэглэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Тэрбээр "үүрээр эхэлсэн сүүлийн хагалгаа: ховдолын цоорхой нөхөх сайн боллоо. Одоо онгоцны буудалын зүг ..

Уучлаарай .. нэгдүгээр сарын 13-ы шөнө ходоодноос 3л орчим цус алдаж ухаангүй "Сонгдо" эмнэлэгтээ хүргэгдэж, ирж дурангаар цус тогтоолгосон. Явах дөхсөн ... Ходоодны хорт хавдар гэж онош гарсан. Нэгдүгээр сарын 19нд эмнэлэгээсээ гарлаа. Гэхдээ эмнэлэгт байх хоорондоо явах өдөрөө хүртэл хойшлуулашгүй хүндэрсэн хүүхэдүүдийн хагалгаа орсон. 

Өнөөдөр эмчилгээнд яваад 1 сар хагас орчим болоод ирэх байх. “Зүрх мартахгүй” төсөл зогсохгүй ээ. Намайг байсан ч байхгүй ч үргэлжлүүлээд явах 20-д хүнтэй чадвартай сайн баг бий. Бямбасүрэн, Доржсүрэн, Буянтөгс, Гэрэлмаа, Зоригоо, Намхайдорж, Эрдэнэбаатар, Хашчулуун эмч нараар ахлуулаад үлдэж, ажлаа хийнэ.

Уучлаарай: 1

МИАТ ачааны карго онгоцонд билетээ аваад нислээ. Битгий бүүр их муу хэлж, шүүмжилж, үзэн ядаарай, хэн нэгнийг хойш урагш болгоогүй ээ.

Уучлаарай: 2

Зун, намаржин ходоод өвдсөн ч дурандуулалгүй дараа 7 хоногт гэж өвчтөндөө огт зөвшөөрдөггүй байж өөрөө гаргасан тэнэглэлээс өвчин хожуу мэдэж хүндэрсэнд. Үүний улмаас “Зүрх мартахгүй” төсөлөөр зүрхний хагалгаанд орж амжих байсан жоохон хүүхэдүүдийн өмнө уучлал гуйя.

Хоёр сарын дараа дэлгэр Монгол орондоо яаран яаран ирж уулзахын ерөөл тавья" гэжээ.

 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.31.22)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.