Аялал жуулчлалын салбарынхантай уулзахдаа "400 САЯ ЖУУЛЧИН" хүлээж авна гэсэн ҮЛГЭРЭЭ ярьсан уу...
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-02-25

2021 оны тавдугаар сарын 1-нээс вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд хилээ нээх асуудлыг судалж үзсэн бөгөөд ирэх Лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанд танилцуулж, маш нухацтай ярина гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тэрбээр өнөөдөр аялал жуулчлалын салбарынхантай уулзах үеэрээ дээрх мэдээллийг өгсөн юм. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар “Тавдугаар сарын 1-нээс хил нээх эсэх шийдвэр нь хоёр зүйлээс шалтгаална. Вирусийн халдвар гэдэг гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй учраас дэлхий нийтэд хүндрэл их байна. Бидний өнөөдрийн баримталж буй халдвар хамгааллын дэглэмийг иргэд сайн барьж, вакцинжуулалт тасалдахгүй зохион байгуулж, нийт иргэдийн 50-иас дээш хувийг вакцинжуулах төлөвлөгөөг хийсэн. Маш богино хугацаанд хийнэ. Бид аялал жуулчлал, хувийн хэвшлээ аль болох хурдан эргэлтэд оруулахын тулд вакцинжуулах ажлыг зохион байгуулж чадвал вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд хил нээлттэй байх асуудлыг тавдугаар сарын 1-нээс өмнө шийдэж чадах байх гэж бодож байна. Гэхдээ шууд амлахад амаргүй. Ингэхийн тулд Засгийн газар чадах чинээгээрээ ажиллана. Нөхцөл байдал, вакцинжуулалтаа дүгнээд тавдугаар сарын 1-нээс хил нээх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна гэдгийг зарлаж байна. Үүнд тулгуурлаад та бүхэн төлөвлөлтөө хийж болно" гэлээ. 

Өнгөрсөн хавар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа тэрбээр  Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Дадал сумын гүүрний хажууд МҮОНТВ-ийн мэдээллийн хөтөлбөрөөр ярихдаа Монгол Улсад 400 сая жуулчин ирэх боломж байгаа талаар ярьж байсан. “Холбогдсон дэд бүтцийн цикль дунд үндсэндээ бидний тооцож байгаагаар 400 орчим САЯ жуулчин ирэх хүчин чадал байна гэж үзэж байгаа. Монгол туургатантай холбоотой буриад зон, бусад халимаг, тува зэрэг... Мөн худалдааны том, зүүн бүсийн ийм, Улаанбаатар хоттой холбогдох том төслийн гүүр нь энд харагдаж байна гэсэн үг” хэмээн ярьсан юм. 

Өөрөөр хэлбэл, Хэнтий аймгийн Чингис Хот, Дадал сумыг 200 км замаар холбож, шинэ гүүртэй болсноор ийм боломж үүснэ хэмээн түүний баг тооцоолсон аж.  Монгол Улс 2019 онд 570,262 буюу хамгийн олон жуулчин хүлээн авсан. Тэдний 

  • 49.3% нь Буянт Ухаа 
  • 9.3% нь Алтанбулаг
  • 5.3% нь Замын-Үүдийн төмөр замаар
  • 10.6% нь Замын үдийн авто замаар
  • 4% нь Сүхбаатарын боомтоор нэвтэрсэн гэдгийг Үндэсний статистикийн хороо гаргасан байна. 

2020 онд ашиглалтад орох хүлээлттэй байгаа Хөшигийн хөндийн шинэ онгоцны буудал нэгэн зэрэг найман хөлөгт үйлчлэх чадамжтай бөгөөд цагт 1,500 зорчигч хүлээн авах боломжтой. Хамгийн дээд хүчин чадлаараа ажиллахад хоногт 36,000 хүн хүлээн авч чадна гэсэн үг. 

Улсын хэмжээнд бүртгэлтэй 270 тур оператор компани, 460 зочид буудал, 400 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг гэсэн БОАЖЯ-ны статистик тоо байна. 

“Тогтвортой хөгжлийн зорилт 2030”, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” зэрэг бодлогын баримт бичгүүдэд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх талаар тусгагдсан зорилтуудыг шийдвэрлэх замаар “Аялал жуулчлал”-ыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлж, улмаар 2020 он гэхэд Монгол Улсад ирэх гадаадын жуулчдын тоог 1 саяд, аялал жуулчлалын салбарын орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн талаар БОАЖ-ын сайд асан  Н.Цэрэнбат хэлж байв.

Л.Оюун-Эрдэнэ УИХ -ын чуулганы хуралдаанд "400 сая жуулчин гээд намайг баахан шоолсон. Тэрийг би ч хэлчихсэн юм биш. 2017 оны гуравдугаар сарын 8-нд НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга манайд ирж бид уулзсан. Тэр хүн “Монголыг өнөөдрөөр бодож болохгүй. Монголын эзэнт гүрний түүхийг үзэхийн төлөө дэлхийн тохоохон аялал жуулчлалын компаниуд, жуулчид Монгол руу ханарах соронзон орон үүсэж магадгүй байгаа. Үүнийг зөвхөн одоо байгаа цагаар харж болохгүй” гэж хэлж байсан. Монголчууд бид өөрсдөө ингэж жижиг сэтгэмээргүй байна. Шүүмжлээд байгаа хүмүүст хэлэхэд адаглаад Ордост ганц удаа очиж үзчихээд, Хэнтийгээр нэг тойрчихоод олон юм яриарай" хэмээж байсан 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.47.166)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.