Бизнесийн салбарынхан ХӨЛ ХОРИО ТОГТООХГҮЙ байхыг УРИАЛЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-28

Монгол улс 2020 оны 11 сард Коронавирусийн халдварыг дотооддоо алдсанаас хойш өнөөдрийг хүртэл тэмцсээр байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Өмнө нь гурван удаа хатуу хөл хорио тогтоосон ч халдварыг бүрэн хяналтдаа авч чадсангүй. Хэдийгээр Коронавирусийн эсрэг ВАКЦИНТАЙ золгосон ч Улаанбаатар хотод амьдарч буй 1,5 сая иргэнээ дархлаажуулалтад хамруулж амжихгүй байгаа. Ковидын халдвар өдрөөс өдөрт эрчимтэй нэмэгдэж 440 орчим гарсан нөхцлийг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ "Уг нь ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоохгүйг хичээж байгаа ч үнэхээр барахгүй байна. 2021 оны 04 дүгээр сарын 05-нд дахин хатуу хөл хорио тогтоохоос өөр аргагүйд хүрлээ" гэж мэдэгдсэн юм. Засгийн газрын тэргүүний энэ шийдвэрийг бизнесийн салбарынхан эрс эсэргүүцэж ХОРЬЖ биш СӨРЖ тэмцье гэсэн урилга гаргажээ. 

Таванбогд группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан: Дэлхийд, Монголд, Групп компаниудад, Жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд, Өрх гэр бүлд, Хувь хүнд гээд хямралд өртөөгүй хэн нэгэн гэж байхгүй. Гэхдээ энэ бол сорил. Бид хамтдаа хүчтэй байж, даван туулж чадах нь гарцаагүй.  Хамгийн гол нь хүн бүр тогтмол цалин орлоготой байх нь чухал. Таван Богд Групп нь Монгол Улсын ТОП аж ахуйн нэгжийн хувьд 11 мянга гаруй ажилтныхаа цалин хөлсийг бууруулахгүй, ажлын байрыг тогтвортой хадгалан ажиллаж байна. Түмэн олноороо эрүүл энх байхад  аюулт өвчин намжиж, салбар бүрийн эдийн засаг цэцэглэн хөгжих цаг мөдхөн гэдэгт итгэлтэй байна. Хамтдаа сэргийлж, хамтдаа хичээж, хамтдаа даван туулъя.

Шунхлай групп ХХК-ийн Ерөнхийлөгч П.Батсайхан

Коронавирус цар тахал дэлхийг нөмөрч хүн төрөлхтөн 2 сая гаруй иргэнээ алдаж, 120 сая хүн өвчлөөд байна. Эрүүл мэнд, эдийн засаг гээд бүхий л салбарт сорилт ирсэн энэ цаг үед монголчууд бид ч бас цар тахлыг хохирол багатайгаар даван туулахаар хичээж байна. Хаврын урин цаг ирсэн энэ өдрүүдэд өдөр бүр өвчтөний тоо 400 гарч байгаа нь хүн бүрийн сэтгэлийг түгшээж байна. Иймд хөл хорионд орж сэтгэл санаа болон амьжиргаа, эдийн засгаараа нь хохирохын оронд бид ковидын эсрэг илүү ухаалгаар тэмцэх хэрэгтэй болж байна. Та бид дор бүрнээ амны хаалтаа зүүж, зайгаа барьж, гараа тогтмол угааж халдвараас хамгаалах дэглэмээ ягштал баримталж чадвал аюулт өвчнөөс холуур, эдийн засгийн хувьд ч хохирол багатайгаар ирж буй цагийг угтаж чадна.

М-Си-Эс Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал

Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан уриалга гаргалаа. Тэрбээр “Зөв менежментээр цар тахлыг хохирол багатай давах боломж байна. Бизнесийн үйл ажиллагааг зогсоохгүй байх, эдийн засгийн эргэлтийг үргэлжлүүлэхийн тулд иргэд, аж ахуйн нэгж бид бүгдээрээ халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахих нь туйлын чухал болоод байна” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.77.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.