Миний мэдэх НАРАНБААТАР...
Үйл явдал
/
2021-04-12

М.Наранбаатар бол манай салбарын зүтгэлтэн юм.

Монголын сэтгүүл зүйд, тэр тусмаа үндэсний хэмжээний цорын ганц ОНРТ-д 18 жил ажилласан, түүнийхээ есөн жилд нь ерөнхий захирал хийсэн хүн болохоор зүтгэлтэн байхаас ч яахав.
Тэр том айлыг удирдсан он жилүүддээ М.Наранбаатар хэн болохоо, ямархуу түвшний менежер болохоо батлан харуулсан юм.
Улс төрийн хатуу ширүүн дайралтуудад ч олонтаа өртөж байв.
Гэхдээ улс төрийнхний эрхшээлдээ оруулах гэсэн тэр түрэлтүүдийн өмнө манай Нараа жижигдээгүй, бас бажгадаагүй юм.
Түүний дотор байдаг нэг тийм гүргэр, бусдын аясаар нугардаггүй чанга чанарыг нь ч мөн тэр жилүүдэд олж харж байлаа.
Хоёр Ерөнхийлөгч, гурван парламент, хэд хэдэн Ерөнхий сайдтай энэ хугацаанд ажилласан.
Гоё нь тэдний хэнийх нь ч хүн болж, өнөө цагийн түгээмэл үзэгдлийн нэгд автаагүй.
М.Наранбаатарыг тэрний хүн, энэний хүн гэж хэн ч хэлдэггүй нь, хэлээд ч нэмэргүй нь энэ юм.
Эл чанарыг нь би хувьдаа унаган мэргэжил дипломатынх нь суурьтай холбож хардаг...

М.Наранбаатар бол хэлэлцээрийн мастер юм.

Тэр хурцаар босч ирсэн ямар ч асуудлыг маш тайван зохицуулж харагддаг.
Дөнгөж радио, телевизийн захирал болсных нь дараа түүнийг тойрсон ширүүн эсэргүүцэл өрнөж байсан.
Гэвч "улс төрийн хаялага"-тай тэр асуудлыг маш уян хатан зохицуулж билээ.
Сонгуулийн үе, улс төрийн намуудын тэмцлийн үе мөн бишгүй олон тохиосон.
Гал нь мөн л телевиз рүү үсэрхийлнэ.
Мань хүн ийм төвөгтэй асуудлуудыг хэлэлцэж шийддэг.
Аливааг хагалж, хэрүүл тэмцлийг өрдөж, нэг тийм "мунхаг" маягаар үздэг дарга нар олон байдаг.
Харин тэр бол харилцаж, хэлэлцэж, ярилцаж, бас ойлголцож ард нь гардаг.
Ийм учраас би түүнийг "хэлэлцээрийн мастер" гэж хардаг.

М.Наранбаатар айдасгүй хүн юм.

Энэ чанар ямар нэг талаараа барьцаалагдаагүй хүмүүст л байдаг.
Энэ нь түүний УИХ-ын дарга асан З.Энхболдтой хийсэн тэмцлээс их тод харагдсан.
УИХ-ын дарга гэдэг бол том өндөрлөг шүү дээ.
Гэвч тэр эсрэгцэн зогсож, өөрийнхөө байр суурийг эцсээ хүртэл хамгаалсан.
Шүүхэд очиж, цагдаад дуудагдаж, юм юм л болсон.
Монголын улс төрийн хамгийн их тэмцэлддэг, заргалддаг, араандаа сайтар зууж ч чаддаг тэр өвөрмөц лидертэй үзэлцэхээс хүмүүс үнэндээ жийрхдэг.
Гэвч М.Наранбаатар үзэлцсэн.
Үр дүнд нь ч тэр хариу цохилт хангалттай амссан болов уу.
Тэглээ гээд мань хүн гонгиноогүй.
Учир нь тэр өсөрхөгч, үзэн ядагч биш...

М.Наранбаатар нөхөрлөгч юм.

Манай Нараа хүнтэй сайхан нөхөрлөж чаддаг хүн.
Энэ нь зовлон жаргал, амьдралын элдвийн эрээн бараан дунд дандаа л харагдаж байдаг.
Хүнтэй нөхөрлөх мөртлөө зовлонгоос нь хол, амжилттай үед харин утас цохиход ойрхон найз хүнд тохиолдож л байдаг.
М.Наранбаатар бол сайдаж муудаж, нүүрэн дээр хэлж, бууж өгөхдөө ч өгч, ээдрээ нугачааг хамт туулалцаж чаддаг.
Найзын хувьд тэр минь ийм л задгай гал шиг илчтэй эр хүн.
Мэдэх юм даа...
Манай хүнд өөр нэг үнэтэй зан байдаг.
Найзуудаа хамгаалдаг, найзуудынхаа талаар дандаа дулаан үг унагаж явдаг зан.
Муудаж сайдахад эвлэрүүлнэ.
За, яахав дээ цаадах чинь болохгүй яваа болоод л тэр биз дээ гэж өмөөрнө.
Бас манай Нараа сэтгэлээ их гоё угааж гадагшлуулдаг.
Сэнгэнэтэл сайхан дуулчихаад, онгойчихсон инээж байна.
Тэр ийм л цайлган хайлган нөхөрлөгч юм...

М.Наранбаатар манлайлагч юм.

Тэр багаас сурлагаар толгой цохьдог хүү байжээ.
Аав ээж хоёр нь хоёулаа багш нар болоод ч тэр үү М.Наранбаатар багаасаа л манлайлагч байсан гэдэг.
Дунд сургуулиа төгсөхдөө аймагтаа нэгдүгээрт жагсаж, дарга сайд нарын хүүхдүүд голдуу ордог, Олон Улсын Харилцааны Дээд сургуульд элсэж байсан нь дээрхийн баталгаа юм.
Оюутан байхдаа хажуугаар нь телевизэд ажиллаж, хожим Ерөнхий захирал нь болсон ууган телевизтэй хувь заяагаа холбосон сайхан түүхтэй.
Түүнд олон юм руу үсэрч ордог, год шод хийсэн түүх байхгүй.
Бидний цаг үе бол олон талд, олон ашигтай боломжууд байн байн гарч ирдэг болсон нэн шинэ үе байсан.
Гэвч тэр нэг л байгууллагадаа тогтвортой ажиллаж, “Телевизийн Наранбаатар” гэх нэрээ бүтээсэн байдаг юм.
Ажил хэргийн ийм тогтвортой, тэр дундаа дандаа өсөлттэй, нягт нямбай замналтай хүн манай үеийнхэн дотор ховор доо...

Миний мэдэх М.Наранбаатар ийм л хүн...

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэг

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.162.49)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.