Өндөр насны тэтгэврийг дараалсан 5 жилийн дундаж цалингаас тогтоох хуулийн төсөл өргөн барилаа
Үйл явдал
/
2021-04-30
Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Б.Бейсен нар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа

Манай улсад 317 мянга орчим өндөр насны тэтгэвэр авагч байдаг ба 2017 онд тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн, 2018 онд өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралттүй төлсөн 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг нэмэгдүүлж, 7 жил буюу 84 cap болгосон нь иргэдийн гap дээр ирэх тэтгэврийн дүн багасахад хүргэсэн гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Иргэдэд олгож байгаа тэтгэвэр нь тухайн даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаа болон шимтгэл төлсөн дундаж цалин хөлснөөс шууд хамааралтайгаар бодогддог тул хугацааг багасгах ёстой гэж үзсэн байна.

Хуулийн төсөлд тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай, дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тодорхойлох зохицуулалтыг тусгажээ.
Ингэснээр иргэдийн өндөр насны тэтгэврийн гар дээр авах мөнгөн дүн бодитоор нэмэгдэх бөгөөд иргэд өөрсдийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс өндөр насны тэтгэврээ авч байгаа учир улсад төсөв, эдийн засгийн эрсдэл, хүндрэл учрахгүй гэж үзэж байгаа юм.

 


Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.189.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.