Б.Жавхлан: БҮХНИЙГ КОВИДОД гэсэн сэтгэлээр төсвийн тодотголыг хийсэн
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-30

Засгийн газраас УИХ-д өргөн барьж буй төсвийн тодотголын талаар Сангийн сайд Б.Жавхлан цахимаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Энэ онд эдийн засгийн өсөлт V хэлбэртэй ажиглагдаж байна.  Эдийн засгийн өсөлт гэхдээ хангалттай биш байна. Мөнгөний нийлүүлэлт 30.5 хувьтай байгаа нь эдийн засгийн өсөлт сэргэж байгааг харуулж байна. Инфляц 6.2 хувьтай байна. Төсвийн гүйцэтгэл сайн гарсан. Төсвийн орлого 97.2, зарлага 84.5 хувьтай гарсан нь чамлахааргүй үзүүлэлт. Эдийн засгийн өсөлт 6.5 хувь байх нь гэсэн төсөөлөл гарлаа. "Оюу толгой"-гоос нэг их наядын орлого орж ирсэн. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангахад 321.2 тэрбум төгрөгийг  зарцуулна. Иргэдийн орлогыг хадгалж,  эдийн засгийг дэмжихэд 618,9 тэрбумыг зарцуулна" гэв.

Салбарын сайд төсвийн тодотголыг хийхдээ бүхнийг ковидод гэсэн зарчмыг баримталж байгааг хэлсэн бөгөөдтөсвийн тодотголд дараах зарчмыг баримтлах юм. Үүнд:

  • Гэрээ байгуулаагүй, худалдан авах ажиллагааны явц хангалтгүй ажлын гүйцэтгэл удаашралтай, бэлтгэл ажил бүрэн биш төслүүдийн санхүүжилтийг бууруулж, хойшлуулах
  • Эрүүл мэндийн салбарт нэн тэргүүний ээлжид шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах болон эмнэлэг, лаборатори, хяналтын төвийн барилгын бэлтгэл ажлыг хангах хүрээнд ТЭЗҮ, зураг төсөв боловсруулахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх юм байна.

Дараах гурван шалтгаанаар 2021 оны төсвийн тодотголыг өргөн барьж байгааг сангийн сайд хэлсэн юм. Үүнд:

  1. Коронавируст цар тахлын үед иргэдийн эрүүл мэндийн хамгаалахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх
  2. Цар тахлын үеийн эдийн засгийг идэвхжүүлэх иргэдийн орлогыг хамгаалахад чиглэсэн зарим арга хэмжээг үргэлжлүүлэх
  3. Цар тахлын үед төсвийн байгууллагуудын хэмнэлтийн горимд үргэлжлүүлэн ажиллах зэрэг орж байна.

Мөн төсвийн тодотголд эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг нэмэгдүүлэх чиглэлд нийтдээ 321.2 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнийг задалж үзвэл:

  • Эрүүл мэндийн ажилтнуудын урамшуулалд 45.6 тэрбум төгрөг
  • Иргэдэд ковидын талаар мэдээ, мэдээлэл түгээхэд 6.6 тэрбум төгрөг
  • Резидент эмч нарыг дайчлан ажиллуулахад 3.7 тэрбум төгрөг
  • Бэлэн байдлыг нэмэгдүүлэх буюу тоног төхөөрөмжид 110 тэрбум төгрөг
  • Шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэлд 61.9 тэрбум төгрөг
  • Вакцины үр нөлөө, халдвар тархалт, дархлааны идэвхийн судалгаанд 2.4 тэрбум төгрөг
  • Вакцины үйлдвэрийн болон ЭМ-ийн бусад ТЭЗҮ 8.0 тэрбум төгрөг
  • ЭМ-ийн цахимжуулалт 3.0 тэрбум төгрөг
  • Засгийн газрын нөөцийг нэмэгдүүлэхэд 60 тэрбум төгрөг
  • Засаг даргын нөөц 20 тэрбум төгрөгийг хуваарилжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.145.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.