Сайд З.Мэндсайхан “Мал аж ахуйн менежмент, бэлчээр”-ийн талаар ИЛТГЭЛ ТАВИЛАА
Үйл явдал
/
2021-10-23

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Монгол Улс-ногоон хөгжил” уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын 26-р бага хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. НҮБ-ын 26-р бага хуралд Монгол Улсын Засгийн газрын бүтээлч оролцоог дэмжих зорилготой тус урьдчилсан хэлэлцүүлэгт холбогдох олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн амлалт, хувь нэмрийн тухай санал солилцлоо.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тус хэлэлцүүлэгт мал аж ахуйн салбарын бодлого, төлөвлөлт,  зохицуулалтын хүрээнд бэлчээрийн талаар баримталж байгаа бодлого, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар илтгэл тавьж, оролцов.  

 

 

Мал аж ахуйн салбарын гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2020 онд 5.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оноос өссөн дүнтэй байна. Хэдийгээр салбар өсөлтөө хадгалж байгаа ч бэлчээрийн мал аж ахуй уур амьсгалын өөрчлөлтөөс шууд хамааралтай хэвээр байгаа юм. Сүүлийн 75 жилийн хугацаанд Монгол орны хэмжээнд агаарын температур 2.24 хэмээр өссөн нь манай улсыг уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий орны тоонд оруулж байна. Агаарын температур нэмэгдсэнээр хур тунадасны хуваарилалт өөрчлөгдөж, говь болон тал хээрийн бүс нутагт хуурайшилт нэмэгдэж, бэлчээр, усны нөөцөд сөргөөр нөлөөлж байна.

Энэхүү байгалийн аюулт үзэгдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх үндсэн арга зам бол бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, шар шороон шуурга, элсний нүүдэл зэргээс хамгаалах ойн зурвас байгуулж бэлчээрийг хамгаалах явдал юм. Энэ  хүрээнд  аймаг, сумын удирдлага, иргэд, малчдыг “Нэг тэрбум мод” хөдөлгөөнд идэвхтэй оролцуулах, үр суулгацаар хангах, арга технологид сургах ажлыг үе шаттай зохион байгуулахад  дэмжлэг үзүүлэн ажиллах шаардлагатай.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн оршин тогтнох үндэс нь байгалийн бэлчээр бөгөөд малын тэжээлийн 90 гаруй хувийг бэлчээрээс хангаж байна.

Монгол орны бэлчээр, хадлангийн талбай 112 сая га бөгөөд нийт газар нутгийн 74.6 хувийг эзэлдэг. Малын тэжээлийн үндсэн эх үүсвэр болох бэлчээрийн газар сүүлийн 10 гаруй жилд (2010 оныхыг 2019 оныхтой харьцуулахад) 925 мянган га-аар буурсан дүн гарчээ.

Малын тоо толгойн  албан татварын тухай  хууль 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан. Энэ хууль орон нутагт 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр малчид албан татвар төлж эхлээд байна.

Энэ хууль хэрэгжсэний үр дүнд малын тоо толгойн албан татвараас бүрдсэн орлогыг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн салбарын яамнаас хэрэгжүүлж буй малын чанар сайжруулах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, инженерийн хийцтэй худаг гаргах, бэлчээрийн менежмент болон бэлчээр хамгааллын бодлогын арга хэмжээнд орон нутгийн удирдлагууд захиран зарцуулж байхыг “Төсвийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын 60.2.8-д  тодорхой зааж өгсөн давуу тал бий боллоо.

Ингэснээр зун намрын бэлчээрт худаг барьж байгуулах, ургамал хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх, бэлчээрийг хуваарьтай ашиглах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, хадлангийн талбайг хаших зэрэг ажлуудыг төлөвлөн улс, орон нутгийн төсөв, олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөр хамтарсан хөрөнгө оруулалт хийгдэх, малчид дундын бэлчээрээ ашиглах явдалд  илүү хариуцлагатай хандах  шинэ бодлого хэрэгжиж эхлээд байгааг тэмдэглэж байна.         

Мал аж ахуйн салбарын тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг хангахад Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтаар хангах, уялдаа холбоог сайжруулах, төсөв, хөрөнгийг үр ашигтай зарцуулах чиглэлд зарим арга хэмжээг хэрэгжүүлэх, эрчимжүүлэх шаардлага бий.   

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.200.109)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.