“Англи хэлний чадварлаг багш” төсөл хэрэгжиж байна.
Үйл явдал
/
2021-11-23
Өмнөговь аймгийн “Нутгийн хишиг” хөтөлбөрийн санхүүжилттэй “Англи хэлний чадварлаг багш” төсөл 2021 оны 6-р сарын 02-ноос 12-р сарын 20-ны хооронд хэрэгжиж байна.
 
Тус төслийг Өмнөговь аймгийн Засаг дарга, Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол соёлын газруудын захиалгаар гүйцэтгэж байгаа юм.
Төслийн “Хөгжил, шийдэл, боломж” сэдэвт сургалт семинар 2021 оны 11-р сарын 20-нд Даланзадгад хотод боллоо.
“Англи хэлний чадварлаг багш” төсөлд Өмнөговь аймгийн төв, 14 сумдын 22 сургуулийн төлөөлөл 85 багш хамрагдсан.
Төслийн оролцогчид олон улсын стандартын дагуу англи хэлний чадварын тест өгч, (Common European Framework of Reference for Languages (CEFR), зуны амралтаараа болон ажлын байрандаа харгалзах түвшний цахим сургалтанд 2 хүртэл сар, нэмэлтээр гадаад багштай ярианы дадлага, монгол багштай хэл зүйн тойм хичээлүүд үзэж, академик бичих чадварын сургалтанд тус бүр нэг сар хамрагдлаа. Түүнчлэн төлөвлөсөн үйл ажиллагаа, арга хэмжээнд цахимаар сонголтынхоо дагуу оролцлоо.
Төслийн онцлогуудаас дурдвал:
✓ Анх удаа олон улсын стандарт тестэнд 90 гаруй багшийг зайнаас хамруулж, англи хэлний түвшинг нь тогтоож, цаашид түвшингээ онлайнаар тодорхойлох, хянах арга замтай танилцав.
✓ Аймгийн бүх сум, сургуулиудын тэгш хамруулах нөхцөлийг бүрдүүлж цахимаар бие даан мэргэжил дээшлүүлэхэд чиглэсэн анхны төсөл байв.
✓ Монголын зах зээлд шинээр нэвтэрсэн Англи хэлний олон улсын стандарт онлайн хөтөлбөрт Өмнөговийн багш нар эхлэн хамрагдаж, 1, 2, 3, 5-р сургуулид, Баян-Овоо, Булган, Манлай, Сэврэй, Ханхонгор, Цогт-Овоо сумдын багш нар манлайлан оролцлоо.
✓ Сургалтанд англи хэлний болон бусад судлагдахууны багш нарын төлөөлөл 50:50 хувийн харьцаатай хамрагдсан нь тэднийг үл ялгаварлах замаар хэрэгцээнд нь нийцүүлэн хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн, үүнд нь орон нутгийн захиргаа, боловсролын шат шатны удирдлага дэмжлэг үзүүлсэн.
✓ Хэлний болон тасралтгүй суралцахуйн мэдлэг, туршлага хуваалцах соёлыг түгээсэн. Гадаад хэлийг эзэмшин, ажил амьдралаа тэнцвэржүүлж яваа шилдэг залуусын видео бичлэг үзэх, тэдэнтэй биечлэн уулзах боломж бүрдүүлсэн.
✓ Тогтвортой боловсрол, тогтвортой хөгжлийн төлөө агуулгыг багш нар сургалтандаа турших бүтээлч оролдлогуудыг тууштай эрэлхийлж, дэмжсэн.
✓ Багш нарын санал, санаачлагыг өрнүүлэх, зөвлөн туслах, чанаржуулахад онцгой анхаарч, цаашид Өмнөговь аймгийн багш нарын баг мэргэжил хөгжлийн төсөл, хөтөлбөрийг өөрсдөө санаачлах, оролцох, хэрэгжүүлэх, хянах, дүгнэх чадамжийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахыг хичээсэн.
✓ Цар тахал, хорио цээрийн дэглэмийн амаргүй нахцөлд талуудын оролцоо, ойлголцол, эрч хүчээр төсөл амжилттай хэрэгжиж байна.
✓ “Хөгжлийн шүтэлцээ (ХШ)” ТББ-ын энтерпренершип хандлага, хамтрагч байгууллага, хувь хүмүүсийн сайн санааны дэмжлэг туслалцааны үр дүнд эхний санхүүжилтийг эрс нэмэгдүүлж, 51:49 хувийн хамтарсан санхүүжилттэй төсөл болгон хэрэгжүүллээ.
Төсөл өнөөгийн байдлаар гурван үр дүнд хүрсэн. Үүнд:
1. Төслийн оролцогч багш нарын 50 орчим хувь нь англи хэлний шатлал, түвшингээ ахиулсан. Тэдэнд Швейцарь улсын нийслэл Берн хотод төвтэй олон улсын гадаад хэлний сүлжээ сургуулийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газараас гэрчилгээ олголоо. 40-өөд хувь нь цахим сургалтын агуулга, бүтэцтэй танилцаж, цаашид үргэлжлүүлэн суралцах чадвар эзэмшсэн. 10 гаруй хувь хүндэтгэх болон хувийн шалтгаантай байв. Инлингуа төвийн онлайн стандарт сургалт нь Европын холбооны гадаад хэл суралцагчдын чадварыг үнэлдэг системээр (CEFR) А1-С1 (С2 түвшинд мэргэжлийн англи хэлний тусгай хөтөлбөртэй) шатлалд үндэслэн зохиогдсон, суралцагч 100% бие даан суралцах боломжтой хтөлбөр юм. Түвшин бүрийн үндсэн ур чадвар болох сонсох, унших, бичих, ярих чадварыг цогцоор нь сайжруулахад чиглэсэн.
2. ТББ-ын урилгаар, Багш нарын өдрийн мэндчилгээг англи хэлээр ТХ-ийн үзэл санаанд нийцүүлэн хийсэн багш, сурагчдын видео Солонгосын TESOL байгууллагын кино наадамд тэргүүлсэн.
3. АНУ-ын Vooks цахим номын сангаар бүтэн жил үйлчлүүлж, сурагчид, эцэг эх, асран хамгаалагчидтай хамт англи ном унших эрхийг 5 багшид олгохоор шийдвэрлээд байна.
Үлдсэн хугацаанд, оролцогч талууд ТХ-ийн төлөөх агуулгыг ээлжит хичээлд шингээх, цахим агуулга боловсруулахад голлон анхаарч, хамтын хүчин чармайлт гарган ажиллана.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.95.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.