Г.Өсөхбаяр: А.Сүхбатад харамсаж байна. Бөхийн холбоо ёс зүйгүй бөх, ДОПИНГТОЙ ХАТУУ ТЭМЦЭЖ байгаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-12-15
МҮБХ-ны удирдлага, түүний бүртгэлтэй холбоотой маргаан 2002 оноос эхтэй бөгөөд үүний улмаас уг асуудал хүндрэн 2018 онд "улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, тэргүүн" хоёр талд бий болж, улмаар 2019 онд маргалдагч талууд харилцан буулт хийн эвлэрч, 2 жил гаруй хугацаанд МҮБХ-ны үйл ажиллагаагаа явуулахад тулгарч байсан хүндрэл арилсан.  Ингээд МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурал 2021 оны 5 сарын 15-ны өдөр болж дүрмийн дагуу Ээлжит бус Их Эеийн товыг 2021 оны 5 сарын 29-ний өдөр тогтоож, мөн өдрийн хурлаараа бүх аймгийн төлөөлөл оролцон холбооны дүрмийг шинэчлэн баталж, удирдлагаа сонгон баталгаажуулсан бөгөөд удирдлагын шинэ баг үндэсний бөхийн хөгжил, ирээдүйн төлөө тодорхой зорилго, зорилтууд тавин ажиллаж байна.
 
Гэтэл дархан аварга А.Сүхбат нь 2021 оны 5 сарын 29-нд хуралдсан Их Эе хуралдааныг хууль бус гэж үзэн, зарим бөхчүүдийн МҮБХ-ны Тэргүүнээр сонгогдох, санал өгөх боломжийг олгоогүй зэрэг үндэслэлээр тус Их Эе хурал болон МҮБХ-ны Тэргүүнээр Ц.Магалжавыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргасан, үүнд МҮБХ-г гуравдагч этгээдээр татан оролцуулах мэдэгдэл гаргасан байна. Түүний нэхэмжлэлийн талаар МУГТ, Дархан аварга Г.Өсөхбаяр дараах байр суурийг илэрхийлжээ.
 
Тэрбээр "Мянга мянган жилийн түүхтэй Монгол бөх Монголын ард түмний Дэлхийд ганц өв соёл,ёс уламжлал, Монгол эр хүний ноён нуруу, жудаг, чанар, эр хүн байх, болох төлөвшил олгодог бидний хайрлан хамгаалах үнэт өв гэж би боддог. Үе үеийн бөхчүүд Монгол бөхийн залгамж чанарыг хадгалж дараа үедээ ариун сайхнаар өвлүүлж үлдээх үүрэгтэй. Бөхийн түүхийг ярихдаа тэр аваргын үе, тийм бөхчүүдийн үе гэж тодотгож ярьдаг. Өнөөдөр би А.Сүхбат МҮБХ болон түүний тэргүүний талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хараад харамсаж сэтгэгдэлээ бичиж байна. Цэцдийн зөвлөлөөр зарласан Их эе хуулийн дагуу явагдаж тэргүүнээ санал нэгтэй сонгосон. Тэр хуралд ирж оролцох урилгыг А.Сүхбатад хүргүүлж байсан. Өнөөдөр МҮБХ ёс зүйгүй бөх, монгол бөхийг сүйрэлд хүргэж болох допинг хэрэглэсэн бөхтэй хатуу тэмцэл өрнүүлж байгаа. Өнөөгийн бөхийн түүхийг цэвэр ариун өвлүүлмээр байна. Монгол бөх үеийн үед орших болно".

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.247.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.