Л.Наранбаатар: “Хөтөл цемент шохойн үйлдвэр” ХК бол Х.Баттулгын ХУВИЙН КОМПАНИ БАЙСАН
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-03-29

Хөтөлийн цемент шохой ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар “Хөтөл цемент шохойн үйлдвэр” ХК-ийн хувьчлалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр "Төр дээрэмдүүлсэн, хулгайд алдсан хөрөнгөө олж авсан. “Хөтөл цемент шохойн үйлдвэр” ХК-ийн хувьчлал бол цэвэр дээрэм, луйвар байсан. Дээрмийн үйл явц 2011 оны нэгдүгээр сард Х.Баттулга Барилга, хот байгууллалтын сайд байхад эхэлсэн. 2011 оны нэгдүгээр сарын 12-нд Хөтөлийн цемент үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх тушаал гаргасан. Ажлын хэсэг тендерийн сонгон шалгаруулалтыг 24 цагийн дотор явуулсан. Үүн дотор гадаадын есөн компани байсан ч цаасны Бэйзмент гэдэг компанид давуу эх олгосон. Бэйзмент гэдэг компанийг сонгосны дараа дөрөв хоногийн дараа гэрээ хийсэн.

2012 оны аравдугаар сард Хөгжлийн банкнаас 61 сая ам.долларын зээл авдаг. Тус зээлийн мөнгө Д.Эрдэнэбилэг гэж хүний эзэмшдэг хоёр банк руу орсон. Худалдаа хөгжлийн банк руу 37 сая ам.доллар, Улаанбаатар банк руу 5.5 сая ам.доллар орсон. Тус баримт санхүүгийн гүйлгээгээр ил болсон. Ингэснээр Хөтөлийн цемент шохойн үйлдвэр рүү ороогүй байна.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас мэдээлснээр “Бейзмент” ХХК-д 2010 онд олгосон 61.3 сая ам.долларын зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан боловч өр нь 295 тэрбум төгрөг болсон байна. Одоогийн байдлаар тус зээлээсээ нэг ч төгрөг төлөөгүй. Энэ мөнгө угаалт хаашаа явсан бэ гэдгийг АТГ болон хууль, цагдаагийн байгууллага шалгаж байна.

“Бейзмент” ХХК нь ”Хөтөл” ХХК болон нэрээ өөрчилсөн. “Хөтөл” ХХК нь 2016 оноос хойш тасралтгүй алдагдалтай ажилласан бөгөөд үйл ажиллагаа явуулахаа зогсоосон тул орлогогүй, их хэмжээний буюу 355 тэрбум төгрөгийн өртэй, хариуцсан ажилтан байхгүй, оршин суух хаяггүй, эзэнгүй болсон байна.

М.Бөх-Очир хөрөнгө оруулах хэмжээний чадалтай хүн биш. Энэ хүн бол Х.Баттулга болон Сахал Эрдэнэбилэгийн компаниудад ажилтан байсан. Судлаад үзэхэд энэ хүн Мах Импекс, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Худалдаа хөгжлийн банк, Бэйзмент компанид ажилтан байсан. М.Бөх-Очирыг нас барснаар гурван сарын хугацаанд түүний нэр дээр байсан компанийг өв залгамжлах эрх авахаар хүсэлт гаргаагүй тохиолдолд улсын өмчид шилждэг. Гэтэл М.Бөх-Очир талийгаачийн эхнэр болон бага хүү нь өв залгамжлах эрхээсээ татгалзсан. Энэ гэр бүл мафи, дээрэмчдийн хохирогч болж байна гэж бодож байна. Энэ хүмүүст ямар дарамт шахалт ирснийг мэдэхгүй байна.

Төр хувийг өмчийг хурааж авч байгаа зүйл биш ээ. Бизнес болон хулгай луйврыг ялгая. Энэ бол бизнес биш мафи, луйвар" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.200.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.