“УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” ДУУРИЙГ ТӨВ АЙМГИЙН “МОНГОЛ ТУУРГАТАН ТЕАТР”-ЫН УРАН БҮТЭЭЛЧИД ТАЙЗНАА ДАХИН АМИЛУУЛЛАА
Үйл явдал
/
2022-03-29

Эр хүний үзэмж төгс бүрдсэн халхын сайхан Юндэн Гөөгөө өөрийн адил харц гаралтай боловч үзэсгэлэн гоо, сайхан бүсгүй Сийриймаатай хайр сэтгэлээр холбогдсон ч ханилан суух зам даанч бэрх, Бал гүн нарын зүгээс ирэх саад тотгор дүүрэн байсаар эцэст нь хоёул амиа алдан төгсдөг эмгэнэлт нэгэн домгоос "Учиртай гурван толгой" жүжгийн санааг авсан гэдэг. 1934 онд “Бөмбөгөр ногоон”-ы залуухан найруулагч Д.Намдаг театртаа тавих шинэ жүжиг бичүүлэхээр өөрийн анд, зохиолч Д.Нацагдоржийнд зочлон учир байдлаа хэлэн, домгийн санаа, жүжгийн гол үйл явдлуудыг хэлэлцэн сийрүүлэн буулгаж байжээ. Анхны зохиол нь домгийн нэгэн адил эмгэнэлт төгсгөлтэй байсныг 1943 онд “Улсын Төв театр” шинэчлэн тавих шийдвэр гаргаж, зохиолч Ц.Дамдинсүрэн цомнолыг шинэчлэн, Б.Дамдинсүрэн аялгуу хөгжмийг шинэчлэн зохиож байсан аж. Ерөнхийдөө Учиртай гурван толгой зохиолыг 1934 онд “Бөмбөгөр ногоон театр”-ын тайзнаа жүжиг, 1942 онд “Цчиртай гурван толгой” хөгжимт жүжиг, 1950 онд аялгуут жүжиг, 1976 онд дуурь хэлбэрээр тавьж байсныг түүхийн эх сурвалжид дурджээ.

80 гаруй жилийн турш олон улс, улс, аймаг, орон нутгийн театруудаар олон мянган удаа тавигдаж, үзэгч түмний сонорыг мялаадаг үндэсний бахархалт бүтээл “Учиртай гурван толгой” дуурь тухайн үеийн нийгмийн залуусын хайр сэтгэл, хүмүүсийн зан чанарыг тод томруунаар харуулдаг бөгөөд эдүгээ цагт ч үнэт чанараа алдалгүй тоглогдсоор байгаа юм. Энэ удаа Төв аймгийн “Монгол туургатан театр”-ын найруулагч МУСТА Ц.Батнайрамдлын найруулгаар дахин тайзнаа амилж, Нансалмаагийн дүрд “Монгол туургатан театр”-ын дуучин, МУСТА Л.Нарангэрэл, Юндэнгийн дүрд “Монгол туургатан театр”-ын дуучин, МУСТА Б.Дашпүрэв, Балганы дүрд “Монгол туургатан театр”-ын дуучин, МУСТА П.Баярмагнай, Хоролмаагийн дүрд “Монгол туургатан театр”-ын дуучин, МУСТА Э.Мөнгөнчимэг нар тоглож үзэгчдийн хүртээл болголоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.117.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.