Н.Тавинбэх: Эрдэнэбүрэнгийн УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ажлыг эхлүүлэхэд бэлэн боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-03-31

Засгийн газрын ээлжит хуралдаанд Эрчим хүчний яам Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын талаарх мэдээллийг танилцуулжээ. Энэ талаар Эрчим хүчний яамны сайд Н.Тавинбэх мэдээлэл өглөө.

Тэрээр “Ховд гол дээр баригдах Эрдэнэбүрэнгийн УЦС 90 мегаватын хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар баруун бүсийн хэрэглээ 35 мегават байгаа юм. 90 мегават гэдэг бол баруун бүсийн эрчим хүчний хэрэглээнээс гурав дахин их гэсэн үг. Станц баригдаж ашиглалтад орвол баруун бүсийн эрчим хүчийг дотоодоос ногоон эрчим хүчээр, урт хугацаанд хангах боломжтой болох юм. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хувьд барилга угсралтын ажил эхлэх бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Гэвч нөлөөлөлд автаж байгаа иргэдийн асуудал хүндрэл үүсгэж байна. Усан цахилгаан станц баригдахтай холбоотой шинээр бий болох усан сангийн газарт ажиллаж, амьдарч байгаа мал бүхий 270 өрх бий. Үүний ард 1251 иргэн байгаа. Өнөөдөр байгаа эрх зүйн зохицуулалтаар нөлөөлөлд автсан иргэдэд зөвхөн үндсэн хөрөнгийн үнэлгээг хийж нөхөн олговор олгож байна. Энэ олговрын хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцаж байна. Мөн биет бус соёл, биет бус нөлөөлийг үнэлэх талаар ЭХЯ дээр тодорхой санал боловсруулаад Ерөнхий сайдтай зөвшилцөж дэмжигдсэн. Дараагийн долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэр гарна.

Дэлхий нийт сэргээгдэх  эрчим хүчний эх үүсвэрээр эрчим хүчний хэрэглээгээ хангадаг болж байна. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс Монгол Улсын онцлогт тохирсон нь УЦС. Монголд том чадлын станц алга. Харин бага, дунд чадлын долоон станц байгаа. Энэ станцууд үүргээ гүйцэтгэж байгаа хэдий ч системийн хэмжээнд горимын тохируулга хийх чадамжгүй байна. Нар, салхины эх үүсвэр тогтвортой үйлдвэрлэл явуулж чаддаггүй учраас дэлхий нийтэд хувьсах эх үүсвэр гэж нэрлэдэг. Энэ хувьсах эх үүсвэр одоо байгаа технологитой зохицож ажиллаж чадахгүй байна. Бас оргил ачааллын үед үйлдвэрлэл явуулж чадахгүй байгаа том дутагдлал байгаа учраас энэ цаг үед усан цахилгаан станцыг онцгой анхаарах шаардлагатай байна. Тиймээс Засгийн газраас зөвхөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц биш Эг, Шүрэн гээд бусад жижиг, дунд чадлын станцуудынхаа ажлыг урагшлуулах тал дээр онцгой анхаарч ажиллаж байна” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.30.236)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.