Б.Цэнгэл: Төрийн өмчит компаниуд 16 ИХ НАЯДЫН ӨРТЭЙ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-04-07

Монгол дахь Америкийн худалдааны танхим сар бүр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Өнөөдөр болсон уулзалтаар хувийн хэвшилд тулгуурласан өсөлт, төрийн өмчит компаниудын үр ашиг, хувьчлалыг хөндөв. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл илтгэл тавьсан юм. Төрийн өмчит 106 компани бий. Эдгээрийн олонх нь ашиггүй ажилласан. Нийт 16 их наяд төгрөгийн өртэй байна. Тодруулбал

  • Хөгжлийн банк 3.1 их наяд төгрөг,
  • Төрийн банк 3.1 их наяд төгрөг,
  • Эрдэнэс Монгол 2.7 их наяд төгрөг (Нийт 13 охин компанитай. Дийлэнх нь судалгааны компани байна),
  • ЭТТ 2 их наяд төгрөг,
  • Монголын төмөр зам 1.3 их наяд төгрөг,
  • ДЦС 590 тэрбум
  • УБТЗ 522 тэрбум төгрөгийн зээлтэй.            

Эдийн засагт төрийн өмчит компаниудын үзүүлэх нөлөө бага байна. Төрийн өмчийн тухай хуулийг 1996 онд баталснаас хойш зарчмын томоохон өөрчлөлтүүд оруулаагүй. Иймд энэ хуулийг өөрчилнө.   

Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг Сангийн яам боловсруулж, өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Энэ хуулиар төр-хувийн хэвшлийн түншлэлийг дараагийн шатанд гаргана. Бид зоригтой алхам хийж, төрийн компаниудыг задлах цаг болсон.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын хороо цаашид төрийн компаниудын өгөөжийг өсгөнө, мэргэшсэн удирдлагуудтай болгоно. Захирлуудад тавьдаг шаардлагыг өндөрсгөнө. Санхүүгийн зохицуулах хороо компанийн засаглалын кодексийг баталлаа. Төрийн өмчит компанийн захирлуудтай байгуулсан гэрээг дүгнэнэ. Цаашид дарга нарыг дээрээс томилохгүй, нээлттэй сонгон шалгаруулалт зарлана. Өрсөлдөх нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр боловсруулан, ямар үр дүн, өөрчлөл авчрахаа танилцуулдаг болно. ТУЗ-ийн сонгон шалгаруулалтад мөн энэ шаардлагыг тавина.

Ер нь хуулийн орчин бий ч хэрэгжүүлэлгүй ирсэн, хэрэгжүүлэхийг хүсээгүй ч байж мэднэ. Төрийн компаниудыг улс төрийн дарамтаас хол байлгана. Улсын чанартай авто зам тавьсны дараа АЗЗА буюу авто зам засах, ашиглах компаниуд байгуулдаг. Цаашид төр эдгээр компанийг эзэмших нь зөв үү, хувийн хэвшлээр энэ ажил үйлчилгээг гүйцэтгүүлэх үү гэдгийг эргэж харах цаг болсон.                 

 УИХ эдийн засгийн аль салбаруудыг стратегийн гэж авч үзэх шаардлагатайг шийдэх шаардлагатай байна.  Уул уурхайн компаниудыг нэгтгэн, нэг корпорацын дээвэр дор нэгтгэн, Зэсийн групп, Нүүрсний групп байгуулах боломжтой. Харин бусад салбарын, төрийн өмчит компаниудыг яаж багцлах нь тодорхойгүй байна.

Тарифын зохицуулалттай буюу эрчим хүчний компаниуд хүнд байдалд байна. Энэ онд нийт 90 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх байгааг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх анхаруулсан. Иймд тарифыг 28 хувиар нэмэх саналтай байна. Гэвч 28 хувь өндөр тоо. Ер нь эрчим хүчний салбарыг шинэчлэх шаардлагатай. Төр, хувийн хэвшил энэ салбарт холимог байдалтай ажиллаж, төр давамгай байдалтай байна.

Бид зоригтой алхам хийж, төрийн компаниудыг задлах цаг болсон. Хөрөнгийн биржээр дамжуулан зарим компанийг олон нийтэд нээлттэй, хувьцаат компани болгоно. Жишээ нь МИАТ байна.  Цар тахлын нөлөөгөөр сүүлийн хоёр жилд алдагдал хүлээсэн тул энэ компанийг бойжуулан, ашигтай ажилладаг болсны дараа хувьцаат компани болгоно. Энэ онд тус компанийн нислэг сэргэсэн гэв.   

Төрийн өмчит компаниудад нийт 54 мянган хүн ажилладаг. Эдгээр компанийг задалснаар дарга нарын эрх ашгийг хөндөх тул шинэчлэх үйл явц эсэргүүцэлтэй тулгарч болзошгүйг “АМЧАМ Монгол”-ын гүйцэтгэх захирал О.Адъяа онцолсон юм.     

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.80.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.