"ХОГ БИШ ЭЭ МӨНГӨ" хөдөлгөөн Баянхонгор аймагт өрнөж эхэллээ
Үйл явдал
/
2022-04-13
Баянхонгор хотын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, ААН, байгууллагууд хог хаягдлаа ангилан ялгаж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг болох, түүнийг хэвшүүлэх зорилгоор Хотын захирагч Г.Энхбаярын санаачилгаар "Хог биш ээ мөнгө" хөдөлгөөнийг Баянхонгор сумын ИТХ, ЗДТГ, БОАЖГ, “Баянхонгор тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Цэвэр хот” ОНӨААТҮГ, “Эко Баянхонгор” төсөл, “Хонгор дуулим” ХХК, “Хөгжлийн ертөнц ТВ-10” телевиз, “Нийгмийн түншлэлийн сүлжээ” ТББ хамтран Баянхонгор хотод албан ёсоор эхлүүллээ.

“Хог биш ээ мөнгө” хөдөлгөөнийг дэмжиж оролцохдоо аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан: “Хогийг хаях биш, мөнгө болгож авах томоохон боломж гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрчээ. Дараагийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэсэн бэлээхэн бүтээлийг ч та бид энд харлаа. Байгаль орчноо хайрласан, эдийн засгийн ач холбогдолтой, хоггүй цэвэр хотын төлөөх үр дүнтэй үйл ажиллагаа бүрийг дэмжиж хамтран ажиллах болно ” гэлээ.

Уг бүх нийтийн хөдөлгөөнийг иргэд олон нийт, соёл урлагийнхан, багш сурган хүмүүжүүлэгч, хүүхэд багачууд чин сэтгэлээсээ дэмжин оролцож, өөр өөрийн уриалга лоозонг барин , хогийг ангилан ялгах, хаана хэдэн төгрөгийн ханшаар худалдаалах болон хаягдлаар юуг хэрхэн үйлдвэрлэж болох талаар тодорхой ойлголт мэдлэгийг олж авлаа.

Баянхонгор сумаас хоногт дунджаар 82 тонн хог хаягдал гардаг байна. Тус хог хаягдлыг хэрэв ангилан ялгаж, дараагийн үйлдвэрлэлд шилжүүлбэл юу болох тухай мэргэжлийн байгууллагууд буюу хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, дахивар хог хаягдлыг худалдан авагч нар цугласан иргэдэд зөвлөгөө мэдээллийг өгч байлаа.

Та бид хогоо ангилан ялгаж, зохих үнээр нь авах газарт нь тушааж хэвших нь байгаль орчин, эдийн засагтаа үзүүлж чадах хамгийн том хөрөнгө оруулалт болно гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.144.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.