Баянгол дүүрэг Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар 25 хорооны Засаг дарга болон цэцэрлэгийн эрхлэгч нартай санал солилцлоо
Үйл явдал
/
2022-04-28
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар энэ сарын 17-ны өдөр БШУЯ, ЭЗХЯ, Сангийн яам болон Нийслэл, дүүргийн Засаг дарга нар, Боловсролын ерөнхий газрын дарга, удирдлагуудтай уулзсан. Энэ үеэр есдүгээр сарын 1 гэхэд цэцэрлэгийн сугалааг байхгүй болгох, хүүхдүүдийг хамран сургах тойрогт нь цэцэрлэгт хамрагддаг болгох талаар холбогдох арга хэмжээг авч, шийдэлд хүргэхийг үүрэг болгосон.

Тэгвэл дээрх асуудлын хүрээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ш.Энхтуул, Хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Ц.Батболд, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд өчигдөр /2022.04.26/ дүүргийн 25 хорооны Засаг дарга болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 37 цэцэрлэгийн эрхлэгч нартай хамтарсан уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр талууд нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах судалгаа санал боловсруулах ажлын хэсэг гарч цэцэрлэгт хамрагдаж байгаа болон хамрагдаж чадахгүй байгаа хүүхэд, цэцэрлэггүй хороо, ачаалал хэт өндөртэй цэцэрлэгүүд, хамран сургах тойргийн хил хязгаар, шинээр баригдаж байгаа орон сууцны хотхон, цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх боломжтой барилгын талаар нарийвчилсан мэдээлэл, судалгаа гаргаснаа танилцуулж санал солилцлоо.  

Энэ үеэр дүүргийн Засаг дарга зарим зүйлийг онцолсон. Тодруулбал, “Ерөнхий сайд сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар бодлогоо танилцуулсан. Дүүргүүд яаралтай тоон мэдээллээ нэгтгэж, төсвийн тодотголыг хэлэлцэхээс өмнө БШУЯ-нд өгөх ёстой. Иймд холбогдох судалгаа, мэдээллийг яаралтай гарга, нэгтгэх шаардлагатай байна. Дүүргийн хэмжээнд түрээслэх боломжтой барилга, өргөтгөл барих саналтай цэцэрлэгүүд он дамжин баригдаж байгаа цэцэрлэгийн барилгууд дээр ажлын хэсэг газар дээр нь очиж танилцан саналаа боловсруулж хүргүүлнэ. Иймд хороодын Засаг дарга нар болон цэцэрлэгийн эрхлэгч нар холбогдох мэдээллийг яаралтай нэгтгэж гаргаж өгөх шаардлагатай байгаа” хэмээн онцоллоо.

 

Ташрамд мэдээлэхэд, Баянгол дүүрэгт хэт өндөр ачаалалтай ажиллаж буй 262, 100, 157, 164 дүгээр цэцэрлэг байгаа бол цэцэрлэггүй 22, 25 дугаар хороо байна.

БШУЯ-аас цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх дараах шийдлүүдийг санал болгож буй юм. Үүнд:

  • Цэцэрлэгийн барилгыг шинээр барих өргөтгөх
  • Цэцэрлэгийн зориулалттай барилга түрээслэх
  • Төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах
  • Байгууллагын цэцэрлэгийг дэмжих
  • Хувийн цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих
  • Өргөө цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх
  • Орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авах
  • Хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг баривал төр худалдаж авах, түрээслэх
  • Хүүхэд харах үйлчилгээг дэмжих
  • Хоёр настай хүүхэд бүрд хувьсах зардал өгөх зэргийг тусгажээ. 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.81.33)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.