Архивын ерөнхий газрын цогцолбор барилгын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалт” төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Үйл явдал
/
2022-03-26

Энэхүү төслийн хүрээнд Үндэсний төв архивд хадгалагдаж буй кино, гэрэл зураг, дуу авианы баримт болон зураг төслийн баримтыг тоон хэлбэрт шилжүүлж, цахим сан бүрдүүлэх, хадгаламжийн санд RFID систем нэвтрүүлэх, бүх баримтыг баркоджуулах, төрийн архивуудын мэдээллийн санг нэгтгэх, сэлбэн засах, сэргээн шинэтгэх лаборотори, АЕГ-ын хурлын танхим, сургалтын танхим, үзэсгэлэнгийн танхим, серверийн өрөөг шинэчлэн тохижуулах, дулаан болон агааржуулалтын системийг солих, орчин үеийн, өндөр хүчин чадалтай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг өргөн хүрээтэй ажлыг хийхээр төлөвлөөд байна.

Тус төсөл 2 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд төслийн үр дүнд хөгцөрсөн, мөөгөнцөртсөн, гэмтсэн баримтыг орчин үеийн технологиор сэлбэн засах, ариутгах; хадгалалтын технологид судалгаа хийх, баримтын суурь материал, бэхний найрлага, хими, физикийн шинж чанар, сэлбэн засах явцад тэдгээрийн найрлагад орох өөрчлөлтүүдийг судлах; иргэдэд архивын үйлчилгээг портал сайтаар дамжуулан, цахим хэлбэрээр хүргэх боломжтой болох юм.

Түүнчлэн Үндэсний төв архивт 16 мм ба 36 мм-ын хальсан дээр, аналог хэлбэртэй хадгалагдаж буй хуучирсан кино хальсыг файл хэлбэрт шилжүүлж; АЕГ-ын барилга, давхрууд болон хадгаламжийн санд нэвтрэх албан хаагчдын эрх, хязгаарлалтыг тогтоож хяналтын систем бий болох бөгөөд ингэснээр архивын баримтын хадгалалт, хамгаалалт сайжирч, баримт урт удаан хугацаанд, бүрэн бүтэн хадгалагдаж, ашиглагдах таатай нөхцөл бүрдэнэ гэж төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс онцлон тэмдэглэж байна.

Дээрх арга хэмжээнд тус яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Хосбаяр, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.76.138)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.