Г.НАРАНГЭРЭЛ: ӨЭМТ-үүдийн олгож буй эмийн багцын чанар нь сайжирсан, үнийн судалгааг харахад бүгд жигд, хангалттай байна
Үйл явдал
/
2022-02-10

Баянгол дүүргийн Засаг дарга 2022 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Коронавируст халдвар /ковид-19/-ын хувилбарын тархалтын үед иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж буй Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-үүдийн эмийн багцын нөөц, хүртээмжийг шалгах үйл ажиллагааны удирдамжийг баталсан. Энэ удирдамжийн хүрээнд ажлын хэсэг байгуулж, дүүргийн Засаг даргын орлогч болон хэлтсийн дарга нар сар шинийн баярын өмнө дүүргийн 25 хорооны ӨЭМТ-д очиж ажилласан юм. Шалгалтын явц болон үр дүнгийн талаар дүүргийн Засаг даргын орлогч Г.НАРАНГЭРЭЛЭЭС тодрууллаа.

-Та бүхэн сар шинийн баярын өмнө дүүргийн 25 хорооны ӨЭМТ-д ажилласан. Нөхцөл байдал ямар байна вэ?  

-Сар шинийн баярын өмнө дүүргийн Засаг даргын удирдамж гарсан. Удирдамжийн зорилго нь цагаан сарын баярын үргэлжилсэн олон хоногийн амралтын өдрүүдийг тохиолдуулан коронавируст халдварын үед иргэдэд олгож буй эмийн багцын нөөцийн хэмжээг тогтоох, эмийн багцтай холбоотой иргэдийн санал хүсэлт дээр суурилан ӨЭМТ-үүдийн хооронд харьцуулалт хийх, иргэдэд мэдээ, мэдээлэл хүргүүлж буй ӨЭМТ-ийн суурин утасны үйл ажиллагаанд дүгнэлт хийх зорилготой юм. Үүний хүрээнд дүүргийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар ажлын хэсэг болж сар шинийн баярын өмнө дүүргийн 25 хороонд хуваагдан ажиллалаа. Сая очиж ажиллахад манай ӨЭМТ-үүдийн олгож байгаа эмийн багцын чанар нь сайжирсан, хүүхэд болон том хүний эмийн багцыг өвчний хүнд болон хөнгөний зэрэгт зориулан 1-4 төрлийн багцыг бэлтгэж иргэдэд олгож байна. Түүнчлэн эмийн багц хангалттай буюу 14 хоногоос нэг сарын нөөцийг бүрдүүлсэн байна. Ер нь эмийн багцын чанар нь сайжирсан, үнийн судалгааг харахад бүгд жигд, дарга нарын хувьд ч  хуваарилагдсан хороодын ӨЭМТ-ийн ажлын үйл ажиллагаанд сэтгэл ханамжтай байна.  Сар шинийн үеэр энэ талаар ямар нэг гомдол гарсангүй.

-Иргэдээс эмийн багцтай холбоотой санал гомдол нэлээд ирдэг. Зарим ӨЭМТ эмийн багц олгохгүй байна гэж байхад нөгөө хэсэг нь хэдхэн витамин л өглөө гэх зэргээр гомдолдог?

-Иргэдээс энэ талын санал хүсэлт их ирдэг. Тухайлбал, тэд дүгээр хорооны ӨЭМТ ийм багц өгч байхад манайх ийм багц өгч байна. Яагаад ийм ялгаатай байгаа юм гэх мэтчилэн. Оны өмнө мөн л ажлын хэсэг гарч дархлаажуулалтын ажлын явцтай танилцах үеэрээ Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажилласан. Тэгэхэд иргэдийн хэлж байгаачлан эмийн багц доторх эм нь цөөн, үнэ нь ялгаатай ер нь л хангалтгүй байсан. Иймээс бид иргэдээс ирсэн гомдлыг дүүргийн Эрүүл мэндийн төв рүү мэдээлэх тэндээс ӨЭМТ дээр ажиллаад ямар арга хэмжээ авсан талаар эргээд бидэнд мэдээлэх зэргээр уялдаа холбоотой ажилласан. Сая хороодод ажиллах үеэр дүүргийн  Эрүүл мэндийн төв ӨЭМТ-үүдэд сайн чиглэл өгсөн, холбогдох мэдээллээр хангаж ажилласан гэдэг нь  харагдлаа. Мөн Эрүүл мэндийн төвийнхөн дүүрэгтэйгээ уялдаа холбоо сайтай ажиллаж, дүүргийн удирдлагуудаас өгч буй үүрэг даалгаврыг газар дээр нь хэрэгжүүлж ажиллаж байгаа нь ч сайшаалтай санагдлаа.

-Сүүлд гарсан “Омикрон” хувилбар маш хурдан тархдаг. Үүнийг дагаад өвчлөх хүмүүсийн тоо нэмэгдэж, гэрийн хяналтад байх иргэдийн тоо нэмэгдэж байна гэсэн мэдээлэл бий. ӨЭМТ-үүд гэрийн хяналтад байгаа иргэддээ бүрэн хүрч үйлчилж чадаж байна уу?  

-Гэрийн хяналтад байгаа хүмүүст тавих хяналт сайн байна. Миний хувьд дүүргийн 3, 7, 18, 20, 24 дүгээр хороонд ажилласан. Тэгэхэд зарим хороо нь 2-4 шугамаар гэрийн хяналтад байгаа иргэддээ зөвлөгөө өгч байна. Зөвлөгөө өгч байгаа хүмүүс нь ч гэрийн хяналтад байгаа иргэдтэйгээ өдөрт нэгээс хоёр удаа холбогдон биеийн байдлыг асууж тодруулж, шаардлагатай тохиолдолд гэрт нь очиж тусламж үйлчилгээ үзүүлж байна. “Омикрон” нь өөрөө хурдан тархдаг ч эдгэрэлт нь харьцангуй хурдан учраас ӨЭМТ-үүд иргэдээ хяналтад бүрэн байлгаж чадаж байна.  

-Иргэдээс ирж буй бас нэг санал хүсэлт нь халдвар аваагүй хүмүүс халдвар авсан хүмүүстэй хамт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байна гэх гомдол. Та бүхнийг ӨЭМТ-үүдэд ажиллаж байхад тийм зүйл ажиглагдав уу?

-Манай ӨЭМТ-үүд аль болох урсгалаа холихгүй байх чиглэл барьж ажиллаж байна. Тухайлбал, хорооны Иргэний танхимд ковидын шинжилгээ авах, багц олгох зэрэг ажлыг зохион байгуулж байгаа бол амбулаториороо үндсэн үйлчилгээгээ үзүүлж байна. Үүнээс гадна зарим хороод дээр шинэ менежмент хэрэгжүүлж ажиллаж байна. Тухайлбал, 9, 13 дугаар хорооны байр ойрхон, ӨЭМТ-ийг нь нэг эмч хариуцдаг. Тэгвэл дээрх хороодод зөв зохион байгуулалт хийж 9 дүгээр хорооны ӨЭМТ-ийн байраа “улаан бүс” болгон халдвартай хүмүүсээ үзэж байгаа бол 13 дугаар хороондоо эрүүл мэндийн үндсэн тусламж үйлчилгээг үзүүлж жишээтэй. Иймээс ойрхон буюу 5, 6- 17, 18 зэрэг  хороодод иймэрхүү байдлаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах чиглэл өгсөн. Ингэснээр манай ӨЭМТ-үүдийн хоорондын ажлын уялдаа холбоо сайжирч, иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж ажиллаж байна.

Эцэст нь хэлэхэд, Шадар сайдын дэргэдэх УОК-ын ажлын хэсэг, НОК, ЭМЯ-ны ажлын хэсгүүд бий. Эдгээр ажлын хэсгүүд хороодын ӨЭМТ-үүд дээр очиж гэнэтийн шалгалт хийж, газар дээр нь нөхцөл байдалтай нь танилцаж байгаа. Иймд манай ӨЭМТ-ийнхөн одоо явуулж байгаа үйл ажиллагаагаа алдахгүй, улам сайжруулж ажиллаарай. Гол нь шалгуулах гэдэгтээ биш иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ маш сайн хүргэж, гэрийн хяналтад байгаа хүмүүсийнхээ хяналтыг таслахгүй сайн ажиллаарай. Та нартаа амжилт хүсье гэж хэлье.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.213.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.