БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Зафер Атеш БГД-ийн ЗДТГ-т зочиллоо
Үйл явдал
/
2022-02-12

Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Зафер Атеш өчигдөр /2022.02.10/ Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт зочиллоо.

 

Уулзалтад БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл, Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар, Гадаад харилцааны албаны дарга П.Цэнгэл нар оролцлоо.

Уулзалтын эхэнд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар урилгыг нь хүлээн авч хүрэлцэн ирсэн ноён Элчин сайд Зафер Атешад талархал илэрхийлээд “Өнөөдрийн уулзалтаар манай дүүрэг Туркийн дүүрэгтэй гадаад харилцаагаа өргөжүүлэх тэр дундаа дүүрэг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ярилцах, санал солилцох хүсэлтэй байна. Манай дүүрэг 10 орчим оронтой эгч-дүү хот, дүүргийн харилцаатай. Хэдийгээр коронавируст цар тахал дэгдсэн ч бидний хувьд гадаадын хамтын ажиллагаатай зарим дүүрэгтэй цахим хурал хийж, санамж бичиг байгуулж ажиллаж байна” хэмээн онцоллоо. Мөн хуучнаар “Баянгол Агропарк”, одоо шинээр “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т ТИКА-аас жилийн дөрвөн улиралд ургац авдаг хүлэмж барьж өгсөн. ТИКА-гийн албаныхан ч “Агропарк” дээр ирж, ажиллаад явсан. Энэ бол их сайн төсөл болсон гэж боддог гэсэн юм.

Дараа нь Элчин сайд, ноён Зафер Атеша бид бүхнийг хүлээн авч уулзаж байгаад талархаж байна гээд “Турк улсын хувьд Монгол Улсыг найрсаг харилцаатай улс гэж үздэг. Тэр ч утгаараа нийслэл хот, дүүрэг, орон нутгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг эрмэлздэг. Бүгд Найрамдах Турк улсын дүүргүүдтэй хамтын ажиллагаа тогтоох хүсэлт Улаанбаатар хотын дүүргүүдээс ирдэг. Баянгол дүүргийн хувьд аль эрт бидэнд хандсан учир энэ асуудлыг бид судалсан. Ижил түвшний дүүрэгтэй хамтын ажиллагаа тогтоох боломжтой. Турк улсын хот, дүүргийн засаг захиргааны тогтолцоо нь Монголтой төстэй байдаг” гэсэн юм.

Уулзалтын үеэр хоёр тал боловсрол, эрүүл мэнд болон өрхийн бизнес эрхлэгч нар буюу жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг дүүргийн иргэдээ дэмжих чиглэлээр хамтран ажиллах боломжтой эсэх талаар харилцан санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд, ноён Зафер Атеш "Бидний уулзалт гурван сэдвээр өрнөлөө. Та бүхний саналыг хүлээн авч тогтоолоо. Баянгол дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчид, өрхийн бизнес эрхлэгчид байвал Худалдааны төлөөлөгчийн газарт санал илгээвэл бид цааш нь уламжлах боломжтой. Эрүүл мэндийн салбарын хувьд гэхэд хоёр улсын Эрүүл мэндийн яам хооронд гэрээ, санамж бичиг зурагдсан тохиолдолд хамтын ажиллагаа нь илүү үр дүнтэй, нягт байдаг. Мөн Туркийн хувьд дүүрэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нь дүүргээс бус Эрүүл мэндийн яамнаас  үзүүлдэг. Дүүргийн халамж үйлчилгээ гэж мэдээж бий. Бүгд тус тусын шугамаар явагддаг ажил байна. Би та бүхний саналыг төв рүүгээ уламжилж илгээнэ. Жишээ нь, Истанбул хотын “Биглү” дүүрэг рүү айлчлал хийлээ гэвэл эмч, сувилагч нарыг харилцан туршлага судлуулах боломжтой. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв Туркийн аль нэг эрүүл мэндийн байгууллагатай шууд шугамаар холбоо тогтоож бас болно" гэсэн юм. Мөн уулзалтын үеэр Элчин сайд, ноён Зафер Атеш танай дүүрэг дээр зочилж ирсэндээ таатай байна. Хэлсэн ярьсан зүйлс хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна гэсэн юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.70.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.