"Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан" үндэсний чуулганаас гаргасан зөвлөмж
Үйл явдал
/
2022-04-16
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” үндэсний чуулганаас гаргасан саналуудыг үндэслэн Улсын Их Хурал, Засгийн газар болон мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, эрдэмтэн, судлаачдад зөвлөмж гаргалаа.
 
Нэг. Улсын Их Хуралд:
-“Тариалангийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, газар тариалангийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх;
-Тариалангийн салбарт даатгалын оновчтой тогтолцоог сонгож нэвтрүүлэх, тариалангийн даатгалын хуультай болох;
-Ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлах;
-Ургамлын генетик нөөцийн ашиглалт, хамгаалалт, үрийн аж ахуйн тогтолцоог боловсронгуй болгох;
-Хөдөө аж ахуйг хоршооллын хэлбэрээр хөгжүүлэх, гадаад орны сайн туршлага, шинжлэх ухааны ололт, үр дүнг судлах, шинэ техник, технологийг нэвтрүүлэхэд шаардлагатай бодлогын дэмжлэг үзүүлэх;
 
Хоёр. Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, урт дунд хугацааны бодлогын баримт бичиг болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд:
-Салбарын боловсон хүчний дутагдалтай байдалд онцгой анхаарч, хүний нөөцийг нэмэгдүүлэх, чадавхжуулах, мэргэжилтэй боловсон хүчин, мэргэшсэн тариаланчдыг үе шаттайгаар бэлтгэх;
-“Монгол Улсад газар тариалан эрхлэх систем” технологийн баримт бичгийг мөрдлөг болгож, хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, зохистой ээлжлэн тариалалт бүхий дэвшилтэт технологи нэвтрүүлэх, түүнд нийцсэн техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх;
-Жил бүрийн ургацаас 100-гаас доошгүй мянган тонн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайг стратегийн нөөцөд худалдан авч нөөц бүрдүүлэх, тариаланчдын борлуулалтыг дэмжих;
-Тариаланчид, ногоочид, жимсчдийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх, урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийг тогтвортойгоор үргэлжлүүлэх;
-Өвөл, зуны хүлэмжийн цогцолбор, жимс жимсгэнийн төрөлжсөн аж ахуй байгуулахад Засгийн газрын баталгаа гаргаж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;
-Тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй эрхлэх нөхцөлийг бүрдүүлж, тариалангийн талбайг хашаажуулах, ойн зурвас байгуулж, хөрсний үржил шимийг хамгаалах;
-Үр тариа, тэжээлийн болон сэлгээний таримлын нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх, үр сортын тогтолцоог зах зээлийн харилцаанд шилжүүлж 4 жил тутамд шинэ сортын үрээр шинэчлэх, Улсын үрийн нөөцийг мэргэжлийн яамны харьяалалд шилжүүлэх асуудлыг судалж Засгийн газарт оруулах;
-Хүнсний аюулгүй байдлыг хангах бодлогын хүрээнд улаанбуудай, хүнсний ногооны үр үржүүлгийн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж хүнсний ногоо жимсчдийг дэмжсэн урамшуулал олгох тогтолцоог бий болгох;
-Төмс, хүнсний ногоог дахин боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой жижиг, дунд үйлдвэрүүдийг хөдөө орон нутагт байгуулахад урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх;
-Үр тарианы үтрэм, элеватор, төмс, хүнсний ногооны зоорь, агуулахын багтаамжийг нэмэгдүүлэх, аймгийн төвүүд, томоохон суурин газарт механикжсан агуулахууд байгуулахыг бодлого дэмжих;
-Төрийн худалдан авалт хийдэг төсвийн байгууллагууд зөвхөн дотооддоо тарьж ургуулсан төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, боловсруулсан бүтээгдэхүүнийг худалдан авдаг тогтолцоог бүрдүүлэх;
-Нийслэл хот, томоохон суурин газруудад төмс, хүнсний ногооны хадгалалт борлуулалт, тээвэр ложистикийн төвийг байгуулах;
-Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, ургамал хамгааллын бодисын чанар, найрлагыг тодорхойлох, таримал ургамал, хөрс, усан дахь пестицидийн үлдэгдлийг тогтмол хянах лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх;
-“Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны хүрээнд агро-ойн аж ахуй байгуулах, жимс жимсгэнийн суулгац үржүүлгийн төв болон жимс, жимсгэнийн цэцэрлэгийн аж ахуйг хөгжүүлэх;
-Диллер аж ахуйн нэгжүүдэд төрөөс урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргах, хүүгийн төлбөрийн зөрүүг төлөх зэргээр техникийн шинэчлэлд санхүүгийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлж, гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг дэмжин хамтран ажиллах;
-Цаг агаарын нөлөөллөөс ангид, байгаль экологид ээлтэй, усанд хэмнэлттэй технологи нэвтрүүлэх, услалтын системийг шинээр барьж, сэргээн засварлах, шинэчлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх.
ЧУУЛГАНД ОРОЛЦОГСОД
2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот, Төрийн ордон
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.172.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.