УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2 цаг 4 мин

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж өнөөдөр (2024.09.27) Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр уулзалтын эхэнд БНХАУ байгуулагдсаны түүхт 75 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлээд, хоёр улсын хооронд төрийн өндөр дээд түвшний айлчлалын давтамж нэмэгдэж, найрамдалт харилцаа улам бүр бэхжиж буйд баяртай байгаагаа илэрхийллээ. 

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, манай хоёр улсын Иж бүрэн түншлэлийн харилцааны чухал хэсэг нь хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа мөн хэмээгээд шинээр байгуулагдсан 126 гишүүнтэй парламент үүнд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв. Түүнчлэн энэ сарын 9-нд УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулан 46 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсныг дурдсан юм. Элчин сайд Шэнь Миньжуань, шинээр бүрдсэн парламентын намрын ээлжит чуулганы босгон дээр хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, БНХАУ байгуулагдсаны түүхт ойтой зэрэгцэн Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой мөн тохиож буйг тодотголоо. 

Тэрбээр хоёр орны харилцаа шинэ түүхэнд шилжсэн энэ үед бизнес, хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв. Уулзалтын үеэр талууд “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд мал аж ахуйн салбарт туршлага солилцох хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буйг онцлоод, цаашид харилцан өгөөжтэй, ажил хэрэгч хамтын санаачилгуудыг олон талт хэлбэрээр өргөжүүлэхээр санал нэгдэв.

Уулзалтын төгсгөлд, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, төрийн албаны хүний нөөцийг чадавхжуулж, гадаад харилцааг төрөлжүүлэх зэргээр Тамгын газар хоорондын нягт хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарна гэдгээ онцолсон юм 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.168.211)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.