Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа
Үйл явдал
/
2024-12-11

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын банкны салбарт төдийгүй өөрийн харилцагчдадаа дэлхийн стандартад нийцсэн, инновацлаг үйлчилгээг бусдаас түрүүлж хүргэхийг зорьж ажилласаар ирсэн.

Энэ хүрээнд Голомт банк дэлхийн 90 орчим улсад хэрэглэгддэг Apple Pay төлбөрийн хэрэгсэлд өөрийн картыг холбох шинэ боломжийг амжилттай нэвтрүүлснээ өнөөдөр хэвлэлийн бага хурлаар зарлалаа. Монголын IOS хэрэглэгчдийн хүсэн хүлээсэн шийдэл ийнхүү нэвтэрснээр өмнө нь Apple Pay-д гадны картыг холбож, валютын зөрүү төлж ашигладаг байсан асуудал шийдэгдэж, өөрийн улсын картаар, нэмэлт шимтгэлгүйгээр хамгийн хурдан төлбөрийн хэрэгслийг ашиглах боломж бүрдэж байна.

Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар:

Apple Pay-ээр хийгдэх төлбөр бүрийг царай, хурууны хээ таних эсхүл төхөөрөмжийн нууц үг болон нэг удаагийн дахин давтагдашгүй динамик аюулгүйн кодоор баталгаажуулдаг тул аюулгүй байдлын хувьд маш найдвартай.

iPhone, iWatch, iPad, Mac зэрэг IOS үйлдлийн системтэй хэрэглэгчдийн төлбөр төлөх боломж нэмэгдэхээс гадна худалдаа, үйлчилгээ эрхэлдэг хүмүүсийн төлбөр хүлээн авах сонголт мөн нэмэгдэж байгаа гэсэн үг юм.

 

Цахим хөгжил, инновац, харилцааны холбооны яамны сайд Ц.Баатархүү

Бид Apple Pay болон энэ стандартад нийцсэн үйлчилгээг төр засгийн түвшинд дэмжин ажиллах болно. Монгол Улсын иргэд гадаад улсад ажиллах, аялах тоо жилээс жилд нэмэгдэж байгаагийн адилаар манай улсад ирэх гадаад иргэдийн тоо ч өссөөр байна. Энэ нөхцөлд Apple Pay-ийг ийнхүү нэвтрүүлснээр Монгол Улсын хувьд гадаад төлбөр тооцооны асуудал маш хялбар болж байна гэж харж байна.

 

Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар

Монгол банк нь төлбөр тооцооны олон талт шийдлийг нэвтрүүлэхийг дэмжин арилжааны банкнуудтай хамран ажиллаж байна. Ялангуяа contactless төлбөр тооцоог өргөн цар хүрээтэй нэвтрүүлэхээр ажиллаж буй бөгөөд Монгол Улсын төлбөр тооцооны онцлог, дэд бүтэц нь contactless төлбөр тооцоог дэмжих бүрэн боломжтойд оршино. Apple Pay нь гар утсанд суурилсан, зайнаас унших төлбөр тооцоог өндөр түвшинд хүргэсэн олон улсын тод жишээ юм.

Apple Pay нь хэрэглэгч шинэ бүртгэл үүсгэх, хүргэлтийн болон төлбөрийн мэдээллийг тухай бүр оруулах шаардлагагүйгээр аппликэйшнээ ашиглан эсхүл вэб хөтчөөс худалдан авалтаа илүү хурдан, хялбар хийж болдгоороо давуу талтай. Мөн хоол, хүнсний хүргэлт, онлайн худалдан авалт, тээвэр, зогсоол болон бусад төлбөрөөс гадна Apple-ийн бүх төрлийн аппликэйшнуудын төлбөр төлөх процессыг хялбарчилж өгөх юм.

Голомт банк ийнхүү Apple Pay төлбөрийн хэрэгсэлд өөрийн картыг холбосноор Appe Pay, Apple Wallet-д албан ёсоор эрхээ авсан Монголын анхны арилжааны банкнуудын нэг болж байна.

Нээлтийн үйл ажиллагааны зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.

 

Харилцагч та Apple Pay хэтэвчид SocialPay аппликэйшнээр дамжуулан картаа холбох бөгөөд Голомт банкны зөвхөн Mastercard болон Т картыг холбох боломжтой тул ЭНД даран дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.50.222)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.