Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Бүгд Найрамдах Франц Улсын болон Европын Холбооны Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2024-12-11

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Францын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж өнөөдөр (2024.12.11) Бүгд Найрамдах Франц Улс болон Европын Холбооноос манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Коринн Пэрера да Силва, Ина Марчюлёните нарыг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгууль, түүний үр дүн, хамтарсан Засгийн газрын талаар танилцуулж, ардчилал, шударга ёс, чөлөөт зах зээлийг баталгаажуулах улс төрийн тогтвортой байдал бүрдэж, Монгол Улс хөгжил дэвшлийн гараан дээр ирснийг тэмдэглэв. Тэрбээр хамтарсан Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нарын 2023 онд хэрэгжүүлсэн харилцан айлчлалуудаар хэлэлцэн бататгасан ураны төсөл гэдгийг дурдаж, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Улсын Их Хурал Цөмийн энергийн тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулаад байгаа талаар мэдээлэл өглөө.

Монгол, Францын хамтарсан ураны төсөл зөвхөн хоёр орны эдийн засагт төдийгүй Европын Холбооны улсуудын эрчим хүчний салбарт ихээхэн ач холбогдолтойг Улсын Их Хурлын дэд дарга онцлоод, тус улсуудын Элчин сайд нар дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Коринн Пэрера да Силва хоёр улсын хамтарсан ураны төсөл бол Монгол Улсын эдийн засаг, эрчим хүчний хөгжлийг урагшлуулах, бие даасан байдлыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтойг онцолж, хоёр талын хамтын ажиллагаа цаашид улам эрчимтэй өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Монгол-Францын хамтарсан ураны төсөл хэрхэн хэрэгжихийг Европын Холбооны улсуудын хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байгаа хэмээн Элчин сайд Ина Марчюлёните дурдаж, Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааг өргөжүүлэх нэг том гүүр нь энэ төсөл болно гэлээ. Мөн тэрбээр ирэх 2025 онд Монгол, Европын бизнесийн чуулга уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж байгаагаа танилцуулав 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.199.110)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.