“Бидний эрх, бидний оролцоо” хөтөлбөрийн төгсөгчдөд Хүний эрхийн сургагч багшийн батламжийг гардуулав
Үйл явдал
/
2024-12-10

Улсын Их Хурлын даргын 2024 оны 287 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан санаачилж, Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран “Бидний эрх, бидний оролцоо” сургагч багшийн хөтөлбөрийг зохион байгууллаа. Эрх чөлөөт нийгмийн үнэ цэн, хүний эрхийн талаарх мэдлэгийг түгээх, залуусыг хүний эрхийн хамгаалагч болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой энэхүү хөтөлбөрийн төгсөгчдөд өнөөдөр (2024.12.10) хүний эрхийн сургагч багшийн батламжийг гардууллаа. 

Хөтөлбөрийн төгсөлтийн арга хэмжээ Төрийн ордонд болж, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал, профессор, доктор Д.Бумдарь чиглүүлэгчээр ажиллав. Тэрбээр оюутан залууст Олон улсын хүний эрхийн өдрийн мэнд хүргээд, хөтөлбөрийн зорилго, үр дүнгийн талаар танилцуулсан юм.

Нэгдсэн Үндэстний байгууллага 1948 онд Хүний эрхийн Түгээмэл тунхаглалыг баталж, жил бүрийн 12 дугаар сарын 10-ныг Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, хөтөлбөрийн оролцогчид энэхүү онцгой өдрөөр хүний эрхийн сургагч багш болж байгааг тэмдэглэв. Монгол Улсын Үндсэн хууль "Монголын ард түмэн бид.." хэмээн эхэлдэг нь монгол төр иргэнийхээ төлөө оршиж байгааг илэрхийлнэ. Хүний эрхийг хамгаалахад эрхээ мэддэг иргэнтэй байх нь чухал. Өнөөдөр та бүхэн эрхээ мэдлээ, цаашлаад олон хүнд түгээнэ. Үүгээрээ энэ хөтөлбөр чухал ач холбогдолтой. Улсын Их Хурал үүнд анхаарал хандуулж, хүний эрхийн сургагч багшийг сургах хөтөлбөрийг эхлүүлж байна. Эрх эдэлдэггүй хүн гэж байхгүй. Тиймээс хэн бүхний мэдэх ёстой мэдлэгийг та нар түгээх болно. Эрх, эрх чөлөөгөө мэддэг үнэ цэнтэй иргэн нь ардчилсан Монгол Улсын үнэт зүйл, улсын хөгжлийн үндэс. “Бидний эрх, бидний оролцоо” сургагч багшийн хөтөлбөрөөс сурсан мэдсэн бүхнээ та бүхэн баяжуулж, мэдлэг, чадвараа хөгжүүлж, бусдын төлөө дуугардаг хүний эрхиийг хамгаалагч болох боломжтой хэмээгээд оюутан залууст амжилт хүсэв. 

Их, дээд сургуулийн 100 гаруй оюутан залуус хөтөлбөрийн хугацаанд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, мэргэжилтэн, судлаачдаас хүний эрхийн талаарх ойлголтыг авч,  хичээл сонсож суралцсан юм. Мөн Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага, нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургууль, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны үйл ажиллагаатай танилцсан. 

“Бидний эрх, бидний оролцоо” сургагч багшийн хөтөлбөрийн оролцогчид төгсөлтийн арга хэмжээний үеэр зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцсан талаараа илтгэл танилцуулсны дараа Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, хууль зүйн доктор, дэд профессор Д.Сүнжид төгсөгчдөд баяр хүргэлээ. Тэрбээр “Хөтөлбөрийн явцыг харахад ирээдүй гэрэлтэй харагдаж байлаа. Хүний эрхийг хангах, хамгаалах асуудалд нэн тэргүүнд дүрэм, журам хуулийн үндэслэл хэрэгтэй гэдгийг суралцсан. Хоёрдугаарт, механизм хэрхэн ажиллаж байгаатай танилцаж, мэдлэгийнхээ хүрээнд үнэлгээ хийсэн байна. Гуравдугаарт, хүн хамгийн чухал бөгөөд эрхээ мэддэг хүн бусдын эрхийг зөрчихгүй, цаашилбал эрх нь зөрчигдөж байгаа нэгнийг хамгаалах мэдлэгтэй болж байгаа юм. Та бүхэн хүний эрхийг хангах, хамгаалах асуудалд оролцдог, хувь нэмрээ оруулдаг иргэн болж байгаа нь үнэхээр чухал. Эрхээ мэддэг, үүргээ ухамсарладаг, шударга байдлыг дэмждэг иргэн бол ардчилсан нийгмийн үнэт зүйл. Та бүхэн нийгмийнхээ үнэт зүйл болж байна” гэв. Оюутан, залуус хөтөлбөрийн хугацаанд сурсан онолын мэдлэгээ дадлагаар баталгаажуулсан, бусдад заах явцдаа бүр ихийг суралцана хэмээгээд тэрбээр амжилт хүсэв.

Хүний эрхийн дэд хорооны дарга, Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийн төслийг олон талт төлөөллөөр хэлэлцүүлэх, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн ач холбогдлын талаар таниулан сурталчлах, залуусын оролцоог хангаж, санал бодлыг сонсох арга хэмжээ зохион байгуулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын 2024 оны 287 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэболд арга хэмжээний төгсгөлд технологи нийгмийн амьдралд нөлөөлж буй түүх, баримтуудыг хуваалцаад “Цаг үеийн өөрчлөлт буюу технологийн хөгжил нь хүний эрхийн шинэ тутам зохицуулалт шаардаж, шинэ тутам философийн асуулт үүсгэж байдаг. Хүний эрхийн өнөөдрийн төлөв байдал ирэх 10, 20 жилд өөр түвшинд хүрнэ. Өнөөдөр бид чадах хэрээрээ хичээж, сайн сайханд хүрэхээр эрмэлзэж байна. Та нарын үед шинэ түвшинд хүрнэ, асуудлын зохицуулалт ч өөр байх нь лавтай. Та бүхэн эндээс сурсан мэдлэгтээ тулгуурлаад  асуудлаа шийдэхийн тулд үргэлжлүүлэн эрэл хайгуул хийх болж байна” хэмээгээд хөтөлбөрийн нийт оролцогч, зохион байгуулагчид, хүний эрхийн талаарх мэдлэг, үйл ажиллагааг түгээхэд дэмжин ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагуудад талархал илэрхийлэв.

Ийнхүү их, дээд сургуулийн 100 гаруй оюутан, залуус хамрагдаж буй, эрх чөлөөт нийгмийн үнэ цэн, хүний эрхийн талаарх мэдлэгийг түгээх, залуусыг хүний эрхийн хамгаалагч болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой “Бидний эрх, бидний оролцоо” сургагч багшийн хөтөлбөрийн төгсөгчдийн батламжийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь нар гардууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.240.251)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.