Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич гэлэгпилийн чулуунбаатарын хувийн хөмрөгийг үүсгэлээ
Үйл явдал
/
2024-12-12

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Гэлэгпилийн Чулуунбаатарын хувийн гаралтай баримтаар Үндэсний төв архивд хөмрөг үүсгэн хүлээн авах ёслолын арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

Хувийн хөмрөг хүлээн авах ёслолын арга хэмжээг Үндэсний төв архивын захирал Т.Сайнжаргал нээж, хүндэт зочдоор Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн академич Г.Чулуунбаатарын гэргий Ш.Бадамханд, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл, ШУА-ийн Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга Ш.Ариунаа, академич Т.Дорж, Удирдлагын академийн захирал доктор, дэд профессор Д.Сүрэнчимэг, Удирдлагын академийн профессор, МУГБ Ш.Батсүх Удирдлагын академийн профессор, МУГБ Т.Лхагваa, МУИС-ийн ректор асан, доктор Я.Төмөрбаатар, МУБИС-ийн ректор асан, доктор Д.Мандах, СУИС-ийн сургалт эрхэлсэн проректор, доктор Д.Одсүрэн, “Монгол уламжлал” академийн тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын багш Г.Дашням, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Данзан болон ШУА-ын Тэргүүлэгчдийн газрын дарга нар болон харьяа хүрээлэнгийн захирлууд, Удирдлагын академийн бүрэлдэхүүн сургууль, сургалтын алба, тэнхимийн захирал, эрхлэгчид, Соёлын урлагийн их сургуулийн сургалтын алба бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, МУИС-ийн ахмад багш нар болон хөмрөг үүсгэгчийн гэр бүл үр хүүхэд, ах дүүс, шавь нарын төлөөлөл оролцлоо.

Сүүлийн жилүүдэд Шинжлэх ухааны академитай хамтран академичдын амьдрал, үйл ажиллагааныхаа явцад бий болгосон хувийн гаралтай баримтуудаар Үндэсний төв архивын сан хөмрөгийг тасралтгүй баяжуулж байгаа бөгөөд энэ удаад Монголын Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Удирдлагын академийн захирал агсан Гэлэгпилийн Чулуунбаатарын намтар түүх, ажил алба, ярилцлага, сургалт, эрдэм шинжилгээ-судалгааны бүтээл, ном зохиолын 63 хадгаламжийн нэгжийн 4,883 хуудас цаасан баримт, 33,5 гегабайт дүрс бичлэг, 117 мегабайт гэрэл зургийг хүлээн авлаа.

Мөн арга хэмжээний үеэр түүний амьдрал, үйлсэд холбогдох баримт бичиг, гэрэл зургаас бүрдсэн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэв.

Академич Г. Чулуунбаатар нь Ховд аймагт мэндэлж, ажил хөдөлмөрийн гараагаа 1981 оноос Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ажилтнаар эхлүүлж, Удирдлагын академи, Философийн хүрээлэнгийн захирал, Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газрын гишүүн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар ажилласан баялаг намтар түүхтэй нэгэн юм.

Үндэсний төв архивын захирал Т.Сайнжаргал нээж хэлсэн үгэндээ “...Тэрээр нэгэн насныхаа бүхий л амьдралыг шинжлэх ухаан, боловсролд зориулж, ялангуяа нийгэм, соёл, улс төр-философийн салбарыг хөгжүүлэхэд зориулсан, энэ чиглэлээр 300 шахам эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, онолын суурь судалгааны төслүүдийг амжилттай удирдан, нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургалт, судалгааг хөгжүүлэхэд онол, арга зүйн удирдлагаар манлайлан ажилласан шинжлэх ухааны авьяаслаг зохион байгуулагч, тэргүүлэгч эрдэмтэн төдийгүй бүх насны амьдралаа судалгаа шинжилгээндээ зориулсан нэрт эрдэмтэн байсан. Өчигдөрхөн түүний зохиогчоор оролцсон сүүлийн бүтээлүүдийн нэг “Монгол Улсын түүх XX-XXI зуун” таван боть 2024 оны шинжлэх ухааны шилдэг бүтээлээр шалгарсанд баяртай байна” хэмээн онцлон дурдав.

Мөн ШУА-ийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл, Удирдлагын академийн захирал доктор, дэд профессор Д.Сүрэнчимэг, Удирдлагын академийн профессор, МУГБ Ш.Батсүх, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Пүрэвсүрэн, МУБИС-ийн ректор асан, доктор Д.Мандах, СУИС-ийн Кино, телевиз, медиа урлагийн сургуулийн захирал Г.Сүхээ, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Данзан болон түүний охин доктор Ч.Цэрэннадмид нар хамтран зүтгэгч, шавь нар, найз нөхөд, гэр бүлийг төлөөлөн үг хэлэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.40.222)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.